- БАЯНЗҮРХИЙН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Ховд аймгийн Мөст сумын нутаг, Бодончийн голын дээд бие, Мухар Давын амнаас дээш холгүй орших зүрх хэлбэрийн хар хүрэн уулыг Баянзүрх гэж нэрлэх бөгөөд тус газарт 4 буган хөшөө оршино. Онцлог дүрслэл гэвэл нэг хөшөөний бүх талыг тойруулан сийлсэн бугануудыг эвэргүйгээр буюу “согоо” дүрсэлсэн байгаа нь нэн сонирхолтой. Учир нь буган хөшөөнд угалзарсан эвэртэй бугыг хөшөөг тойруулан сийлдэг ба эвэргүй согоо дүрслэх тохиолдол нэлээд ховор байдаг. Мөн тэгш өнцөгт хэлбэрийн бамбай дүрсэлсэн байх ба үүнээс гадна бас нэгэн онцлог дүрслэл бол гэзэг үс дүрсэлсэн хөшөө ихээхэн өвөрмөц юм. Энд Евразийн хэлбэрийн нэгэн хөшөөний ар тал руу багцалж боосон бололтой гэзэг унжуулж дүрсэлсэн нь сонирхолтой төдийгүй маш ховор тохиолдол болно.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын ““Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.