- ЯМААН УСНЫ ХАДНЫ ЗУРАГ -

Ховд аймгийн Үенч сумын нутагт орших Ямаан усны хавцал нь жижиг горхи урсдаг хадтай нарийн хавцал юм. Уг хавцлын дунд хэсэгт орших Ханан хаднаа олон тооны хадны зурагтай. Эндэхийн хаданд гол төлөв янгир, буга, зээр, бөхөн, адуу, тэмээ, чоно зэрэг амьтдыг янз бүрийн байдлаар дүрсэлжээ. Мөн ханан хадны баруун дээд буланд дөрвөн моринд хөллөсөн хоёр дугуйтай сүйх тэргийг хажуугаас нь харсан байдлаар дүрсэлсэн ба сүйх тэргэнд нэгэн хүн сууж яваагийн зөвхөн цээжин хэсгийг, тэрэгний өмнө хойно тус бүр морь унасан хоёр хүн байна. Сүйх тэрэгнүүдийн дугуйг найман хигээстэйгээр зурсан нь тодорхой харагдана. Энэ сүйх тэрэгний зургийг Хангийн үеийн булшны ханын зурагтай ижил төстэй байдлаар нь судлаачид Хүннүгийн үед холбогдуулан үздэг. Мөн хүннү булшнаас гарсан үйсэн савны тагна дээрх мухлагт тэрэгний зургууд нь Ямаан ус, Дэл уулын тэрэгний зургуудыг Хүннүгийн үед холбогдохыг баталсан олдвор хэрэглэгдэхүүн болсон юм. 

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын ““Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.