- ОНГИЙН ГОЛЫН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, сумын төвөөс урагш 17 км зайтай Мааньт уулын өвөр хормойд Түрэгийн нэгэн томоохон цогцолбор дурсгал байдаг. Судлаач эрдэмтэд оршин буй газрынх нь нэрээр Онгийн голын, Мааньтын гэх мэтчилэн олон янзаар нэрлэж бичсээр иржээ. Хөшөөний бичээсийг тайлан уншсан эрдэмтийн судалгаанаас үзэхэд уг дурсгалыг Түрэгийн Ильтерес хаан, Ильбилгэ хатан хоёрт зориулан босгожээ. Эндэх хүн чулуудын хийц загвараас түрэг угсаатны тахил шүтээний байгууламжийг цогцлон барихад дагаж мөрдөх зан үйл, дүрслэн хийсэн хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, зэрэг дэв, албан тушаалын ялгааг тодруулан нягтлах боломжтой.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.