- ЖАВХЛАНТ ХАЙРХАНЫ ХАДНЫ ЗУРАГ -
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Жавхлант хайрханы оройн хэсгийн хаднаа хүн, амьтдын дүрсийг цоолборлосон хадны зургийн 200 гаруй зохиомж байна. Ихэнх зургууд хадны үндсэн өнгөнөөс ялгагдах төдий байгаа нь харьцангуй эрт үед бүтээгдсэн хэмээн судлаачид үзсэн байдаг. Уг хадны зургийн дурсгалт газарт хүнийг өвөрмөц хэлбэрээр үйл хөдлөл хийж байгаагаар дүрсэлсэн байдаг ба хүний дүрслэл хамгийн олон тоотой буюу 171 ширхэг байдаг.
Нэгэн хаданд дөрвөн хүнийг бие бие рүүгээ толгойгоороо хандсан байдалтайгаар дүрсэлсний гурвыг нь гурван хуруутай гараа тохойгоор нь дээш өргөн хөлөө алцайн тэнгэр өөд наминчлан зогсож буй байдалтай дүрсэлсний зэрэгцээ толгойд нь урт соновтор маягийн зүйлийг гарган үзүүлсэн эндэхийн хадны зургийн өвөрмөц онцлогийг илтгэн харуулж байгаа төдийгүй сүсэг бишрэлийн зан үйлийн үр дүнд бүтээгдсэн хэмээн тодорхойлон дүгнэх саналыг судлаачид дурдаад ихэвчлэн тэнгэр өөд залбиран наминчлан буй хүний зураг голлох байр суурийг эзэлж байгаад тулгуурлан он цагийг неолит, энеолит үеэс эхлэн хүрэл зэвсгийн сүүл үед холбогдуулан авч үзжээ.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.