- ЧИН ТОЛГОЙН БАЛГАС -
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан “Чин толгой” гэдэг эртний хотын туурь бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий байх бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь Кидан бичигтэй байжээ. 1890-ээд оны үед монголоор жуулчилж явсан Оросын жуулчин А.Позднеев Чинтолгойн балгасыг үзэж, түүний хэмжээ болон, хэлбэр хийцийн талаар товч мэдээллийг хэвлүүлсэн. Энэ хотын туурь нь 1260 х 680 м хэмжээтэй, бараг зөв тэгш өнцөгт хэлбэртэй. Хойноосоо урагш өмнө зүг сунаж тогтсон, тал бүрээс нь нар тусаж байхаар бодож барьсан зохиомжтой. Хэрмийг нь шороо дагтаршуулан барьжээ. Хэрмийн хойд талын шороон даланд 6, өмнөд талд 6, баруун, зүүн талын шороон даланд тус бүр 10 харуулын цамхаг байжээ. Тэднийг балгасны 4 өнцөг дээр байгаатай нь нийлүүлж тооцвол нийт 36 цонжтой. Хэрмийг гадуур нь тойруулсан шуудуутай байжээ.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.