- ХӨЛ АСГАТЫН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -
Булган аймгийн Могод сумын нутаг Асгатын хөндийд Түрэгийн үеийн тахилын онгон оршино. Энэ дурсгал дөрвөн хавтан чулуу ирмэглэн суулгаж үйлдсэн, өргөргийн дагуу байрлалтай хоёр хашлагаас бүрдэнэ. Зүүн тийш хандсан хашлаганы дотор талын гадаргад зэрэгцэн сууж байгаа гурван хүний дүрсийг товойлгон сийлжээ. Дунд талын хүнийг эгц урдаас нь харуулж завилан суугаа, захын хоёр хүнийг ташуу байдалтай, сөхрөн сууж байгаагаар дүрсэлжээ. Гурвуул гозгор оройтой, түрэгийн хөшөө дурсгалд элбэг тохиолддог малгайтай, баруун гартаа ваар сав барьсан байна. Эдгээрийн доогуур хээ угалз бүхий өргөн тууш зурвас дүрсэлсэн нь тэр гурван хүн хивсэн дээр сууж буйг цохон харуулсан санаа бололтой. Зурагт хавтангийн зүүн дээд өнцөгт янгир тамга, түүний дээр сууж байгаа шонхор шувууны дүрс, дээгүүр нь нэг мөр руни бичиг сийлжээ. Энэхүү дурсгал нь Түрэгийн үеийн тахилын онгоны өвөрмөц хэлбэр юм.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.