- МОЮУНЧУРЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ -

Булган аймгийн Сайхан сумын Хиргисийн хөндий гэдэг газарт Могойн Шинэ усны онгон буюу Моюн-Чурт зориулсан гэрэлт хөшөө оршино. Уг дурсгал нь гадуураа намхан шороон далан, гүехэн сувагтай зүүн зүг харсан жижиг үүдтэй дундаа чулуун овоолго бүхий дурсгал юм. Дурсгалын өмнө талд хоёр хэсэг болж хугарсан хөшөө чулуу, мэлхийн дүрст чулуун суурь түүний дэргэд хоёр хэсэг хуваагдсан руни бичгээр бичсэн дурсгал бий. Энэ чулууны бичээс нь түүх, хэл соёлын хосгүй дурсгалын нэг бөгөөд энэ хөшөөний урт 3.8 м, мэлхий чулуун дээр суурилуулан босгожээ. Хөшөөний нүүрэн талд 1-12, баруун талд 13-23, хойд талд 25-39, зүүн талд нь 40-44 мөрийг тус тус сийлжээ. Нэг мөрөнд дунджаар 150 орчим үсэг зурлагатай юм. Судлаачид уг хөшөөнд ойролцоогоор 6750 орчим үсэг зурлага байсан бөгөөд 1750 орчим нь баларсан гэж үздэг. Энэ хөшөөг Уйгур улсын хоёр дахь хаан Моюн-Чур /Баян  чур/-т зориулан босгожээ. Моюн-Чур нь Уйгур улсыг байгуулж улмаар хаанд өргөмжлөгдсөн  Пэйлогийн хүү бөгөөд 747-759 оны хооронд хаан ширээнд суухдаа  тэнгэрээс заяат төр засагч мэдэлтэй хаан гэж алдаршжээ. Хөшөөний бичээст 744-750 оны хоорондох түүхэн үйл явдлыг газар усны нэрийн хамт бичсэнээрээ чухал ач холбогдолтой.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.