- ТӨЛБӨРИЙН ГОЛЫН ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУУРИН -
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт оршино. Их Төлбөрийн голын чулуун зэвсгийн дурсгалыг анх 1975 онд Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн судалгааны анги илрүүлэн олсон ба 2002 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн судалгааны экспедиц нарийвчилсан хайгуул хийж чулуун зэвсгийн үеийн 14 бууц сууриныг олж илрүүлжээ. 2004-2015 онуудад Монгол-Оросын хамтарсан судалгааны анги Төлбөрийн голын 4, 15, 16, 21-р сууринуудад малтлага судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Төлбөрийн голын олон дурсгалаас 4, 15, 21-р сууринд суурин малтлагыг хийж тухайн бүс нутгийн палеолитын хөгжлийн чиг хандлага чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийг бүрэн тодорхойлжээ. Дээд палеолитын эхэн үеэс хүмүүс Төлбөрийн голд суурьшиж эхэлсэн нь батлагдаж байгаа бөгөөд чулуун зэвсэг үйлдвэрлэх өвөрмөц арга технологитой байсны дээр ясан зэвсгийн үйлдвэрлэл ч амжилттай хөгжиж байсныг тогтоожээ.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.