- МАЙХАН УУЛЫН ШОРООН БУМБАГАР -

Булган аймгийн Баяннуур сумын төвөөс зүүн хойш 14 км зайд, Баян Улаан уулын зүүн хойно, Майхан уулын урд энгэрт оршино. Нутгийнхан Шороон Бумбагар хэмээн нэрлэдэг бөгөөд булшин дээр шороог зууван дугуй конус хэлбэрээр дэлдэж дарсан дараастай юм. Бунхны  өндөр нь 4,2 м, суурийн голч 50 м, уг булшны хэрэм нь 200 х 180 м. Бунхант булшны нийт урт нь 42 метр. Бунхны хана болон бунхны үүдэвчний ханыг нимгэн шавраар доторлож дээр нь зураг зурсан байна. Уг булшнаас нийт 500 гаруй үнэ цэнтэй эд зүйлс илэрчээ. Дурсгалыг малтан судалсан судалгааны баг дурсгалыг VII зууны хоёрдугаар хагас орчимд хамаарна хэмээн он цагийг тогтоожээ. Энэхүү дурсгал нь Монгол нутаг дахь анхны ханын зураг бүхий бүтэн малтагдаж судлагдсан бунхан юм. 

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.