Хууч яриа
Хууч яриа
Хоёр буюу хэд хэдэн хүмүүс чөлөөт цагаараар цуглаад элдвийн юм ярилцаж “хууч хөөрч” байдаг бөгөөд “нийгмийн болон хүний хувийн амьдралд тохиолдсон онцлог сонин явдлын тухай бага зэрэг буюу уран сэтгэмж таамаглал нэмэр хачир оруулсан дурсамж буюу аман өгүүллэг”-ийг Хууч яриа гэж тодорхойлдог байна. Хууч яриа нь үлгэр, домгийн нэгэн адил аман зохиолын хүүрнэл буюу үргэлжилсэн үгийн зохиолын төрөлд хамаардаг. Хууч яриаг ерийн дурсамж, аж байдлын жирийн хүүрнэлтэй хутгаж болохгүй. Хууч яриа хэдийгээр хүмүүсийн дурсамж ярианд үндэслэдэг боловч тодорхой үйл явдал, дүр, уран хэллэг зэрэг уран сайхны онцлогоороо ялгагдана. Энд домбоны тухай нэгэн хууч яриаг оруулав. Домбо хийх арга барил, ур хийц нь нутагт бүрт өөр байх боловч ерөнхий хэлбэр дүрс нь адилавтар байдаг аж. Гэхдээ түүний технологи нь тодорхой нууцыг агуулж байдаг. Энэ тухайд эртний нэг хууч яриа одоо хүртэл олны дунд хадгалагдан үлджээ. Дээхнэ үед нутаг усандаа баян хэмээн яригддаг ч маш харамч нэгэн айл байж гэнэ. Гэрийн эзэн нутгийн дархан өвгөнд захиалга өгч, дархан ч хүсэлт ёсоор домбо хийж өгчээ. Гэтэл ирсэн, орсон айлчин гийчин, адуу малын эрэлчинд цай аягалахаар тонгойлгох болгонд өнөөх домбо нь “Боль, боль” гэж дуугараад байх юм гэнэ. Баян эр нутгийн дарханд очиж, “Үүнийг болиулж өгөөч” гэж хүсчээ. Бас үүнээс хойш, түүнээс цааш хүн зоноос аливааг харамлахгүй, олны жишгээр амьдрах ам тангаргаа ч өгсөн байна. Өвгөн дархан үүнийг сонсоод домбоны дээд хэсэгт ганцхан нүх гаргаж өгснөөр домбоны “амыг барьсан” ажээ. Энэ нь дархан хүний бурхан ухаанаас гадна домбоны өвөрмөц хийц, нарийн технологийг илтгэх эрт цагийн хууч яриа билээ.
- Д.Мөнх: Эх сурвалж: “Монголын үнэн” сонин.
- Т.Бадамжунайн зурсан уран зураг