Чулуун тоглоом

Биет бус өв нь бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой. Энгийн хэлэхэд , тухайлбал: хүү төрж хүүхдийн угаалга хийх, даахь үргээх, / уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам/ бүүвэйн дуу /ардын язгуур урлаг/,  тоглож өссөн чулуун тоглоом, томоожтлоо сонссон үлгэр, оньсого, зүйр цэцэн үг, бэлгэ дэмбэрэл, ерөөл, бэр буулгах, хурим найр хийх, шинэ гэр барих , ургийн бичиг хөтлөх...баяр наадам, уламжлалт цаг тоолол, зурхайн ухаан, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил,  зан үйл, ёслол, уламжлалт технологи, гар урлал,  язгуур урлаг, оршуулах зан үйл гээд төрөхөөс төгсөх хүртэлх бүгд л энэхүү соёлын өвд хамаарагддаг. Өөрөөр хэлбэл: Биет бус соёлын өв нь бидний  язгуур соёл, хөгжил дэвшлийн  амин чухал ундарга, дэлхийн олон үндэстэн, угсаатны оюун санааны амьдралын амин сүнс нь юм. Энэхүү амин сүнс, алдрай багаасаа эрхэлж тоглож ирсэн нэг өв-Чулуун  тоглоомын уламжлалт төрлүүд юм.  Монгол Улсын Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” айд бүртгэгдсэн нэг өв бол Чулуун тоглоомын уламжлалт төрлүүд юм. Энэхүү тоглоомоор тоглож үзээгүй монгол хүн ховор бөгөөд төрж өссөн уул толгод, гол усны ойролцоо энэхүү тоглоом өдгөө ч оршсоор байна. Чулуун тоглоомонд айл гэр болох, гүү саах, чулуу таалцах, жин тээх чулуу шидэх, онч сургах, ус долоолгох, хуц мөргөлдүүлэх, дүүгүүрдэх зэрэг наадгай орно. Чулуу гэр ,”хороо” тоглоом нь мал сүрэг, айл гэрт байдаг тавилга, эд барааг амьтны дүрстэй ойролцоо өнгө бүрийн чулуу, ваар, шаазангийн хагархайгаар төлөөлүүлэн өрж тоглодог. “Тоглоомын орон” нь хот айл бүрийн өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан болон малын бэлчээрт газар сайгүй бөгөөд олонх нь олон зуун жилийн турш үе дамжсан байдаг. Монгол хүүхдийн тоглоом нь малчин ардын аж байдал, ёс заншил, хөдөлмөрийн онцлогийг тод томруун тусгасан байдгийн нэг жишээ бол “Гэр барих” уламжлалт тоглоом юм. Тэрхүү чулуун тойргийн урд талд засвар гаргаад хаалга болгодог бол дөрвөлжин чулуугаар авдар, гонзгойгоор ор, ширэмний хэлтэрхийгээр тогоо, шаазангийн хагархайгаар аяга хийх зэргээр янз бүрийн эдлэл хэрэглэлийг төлөөлүүлэн оруулж зохих газарт нь байрлуулдаг. Чулуугаар гэр барьж тоглоход зөвхөн гэрийн тавилгын тавьц хэрэглэл зэргийг бус малчны амьдралын зүйлс, ажил хөдөлмөрийг тусган хөдөлмөрийн талаар зөв төсөөлөл өгөх ач холбогдолтой...

Холбогдох номзүй:

Буянбадрах.Ч "Монгол орны лавлах" эмхэтгэл ном.

Сүхбат.Ш. “Монгол хүмүүжлийн үндэс Монгол тоглоом.УБ.2017.х. 296-298