Эрдэнэзуу орчмын газар усны нэрийн домог
Mонгол газар нутгийн оноосон нэр нь эрт эдүгээг холбосон соёлын гүүр буюу үгээр бүтээсэн түүхийн хөшөө дурсгал бөгөөд “Газар нутгийн нэршил” нь Соёлын биет бус өвийн нэгэн төрөл юм. Нүүдэлчин монголчууд нутаглах газар, нүүдэллэх орчныхоо жалга судаг, уул овоо, булаг ус бүгдийг нэрлэж заншсан, энэ нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг хүмүүст амьдралын бодит шаардлага болдог тул түүний жишгээр энэ жил байгуулагдсаны 800 жилийн ойг нь тэмдэглэж байгаа:Хархорины ойр орчинд сонин сайхан нэр цолтой газар ус бас олон бий.Тухайлбал: Хархорин сумын баруун талд Өлийн даваа нэртэй хөтөл байдаг.
Эрт цагт энэ хөтөл даваа байжээ. Нэг удаа аварга том луу гал цахилгаан бадруулж, хар салхи татуулсаар бууж ирэхдээ энэ газрын сэрвээг сэт татан өл хөтөл болгосон гэнэ.Түүнээс хойш луугийн ирсэн замаар тэр хөтлийн эгц дээрээс хүчтэй салхи салхилж, тэр нь зүүн урагшаа Бат-Эрдэнэзуугийн зүг 2 км хэртэй яваад гэнэт алга болдог байна” гэсэн домогтой.Тэр үеэс энэ хөтлөөр Орхоны хөндийн салхины урсгал салхилахыг нутгийн хүмүүс Өлийн салхи гэж нэрлэдэг болжээ. Өглөөгүүр тэр зүгээс салхитай байвал үдээс хойш оройхон цаг агаар налгар намуухан тэнгэр дулаахан байдаг. Хэрвээ тэр зүгээс салхигүй тогтуун байвал тэнгэр эвгүйрч, цас шуурга болох ба бороо хур орж, хавсарга салхи тавихыг зөгнөдөг тэр хавийн цаг уурын “барометр” болдог газар бий. Гол төлөв хаврын эх, дунд, адаг, өвлийн эхэн саруудад зөвхөн өглөөний 6 цагаас 10 цагийн орчимд голдуу салхилдаг. Бат-Эрдэнэзуугийн лам хуврагууд бөөнөөрөө Өлийн салхи хүртэхээр өглөө бүр Өлийн хөтөл хүртэл алхдаг уламжлалтай байжээ. Өлийн салхи нь чийглэг, жихүүн бус, ойролцоогоор 12-16 м/сек хурдтай, хүйтэн ч гэсэн бие махбодийг эрүүлжүүлж, ухаан санааг саруулсгах увдистай гэж нутгийнхан үздэг байна.Тухайлбал: Хархорины уугуул, Дэлхийн хошой аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Зууны манлай тамирчин З.Ойдов гуай чухамхүү Өлийн салхинд өлчиржиж, энэ нь түүний амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн тухай дурсан ярьсан. Өлийн салхи Хархорины дээгүүр эргэж байхад Бат-Эрдэнэзуу хавьд салхигүй намуухан байдаг нь бас эцэг өвгөд минь газрыг сонгож чадаж байсныг бас харуулна.
Нэгэн домог: Өлийн салхи үүссэн нь. Эрт дээр үед аварга том луу гал цахилгаан бадруулан урдаас хойшоо гулсан Орхон голыг боохоор явж байхад баруун талын Салхит Өндөр уулнаас хангарьд шувуу нисэн ирж уг лууг дарсан гэдэг. Энэ хангарьд шувууны далавчны дэвэлтээр үүссэн салхийг Өлийн салхи хэмээн нэрлэх болжээ.
/Ж.Цогбадрах. Эрдэнэзуу орчмын газар усны нэрийн домог.УБ. 2013.х.14/