“Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дэл уулыг кадастрт бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангав
Дундговь аймгийн өлзийт сумын нутагт орших Дэл уул бол эртний түүх соёлын дурсгалаар арвин баялаг, байгалийн сонирхолтой тогтоцтой нутаг бөгөөд энд нэн эртний овог аймгуудын үлдээсэн хадны зураг, булш болон дундад эртний нүүдэлчид, тэрчлэн суурьшмал иргэншилтэй хүмүүсээс энэ нутгаар дайрч өнгөрөхдөө бичиж үлдээсэн үсэг бичгийн дурсгал зэрэг төрөл бүрийн дурсгал элбэг агаад цогц байдлаар нэг газарт оршдог нь түүх, соёл, шинжлэх ухааны чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/368 дугаар тушаалаар тус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус баталсан байна.
“Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийн 1.3-т Зарим томоохон цогцолбор дурсгалын оршин буй газрыг кадастрын улсын бүртгэлд бүртгүүлэхээр тусгагдсан бөгөөд 2020 онд 1.3.2. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Дэл уулын хадны зураг бүхий цогцолбор, 1.3.3. Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт орших Сэрвэн хаалганы бичээс, 1.3.4. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хаалгатын хүн чулуун хөшөө бүхий цогцолбор, 1.3.5. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Их бурхантын цогцолбор зэрэг дөрвөн дурсгалт газрыг хамруулахаар заажээ. Энэ онд хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэх дээрх үйл ажиллагааны санхүүжилтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар шийдвэрлэн, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан болно.
“Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу 2020 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 5 хооронд Соёлын өвийн үндэсний төв, Дундговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, аймгийн музей, Байгал орчин аялал, жуулчлалын газар, Өлзийт сумын Соёлын төв, “Дэл уулын гайхамшиг” ТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан баг Дэл уул орчимд ажиллаж, дурсгалт газрыг кадастрын улсын бүртгэлд бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангалаа.
Дэл уулыг кадастрын улсын бүртгэлд бүртгүүлэх бэлтгэл хүрээнд өмнө нь эрдэм шинжилгээний байгууллага, аймаг сум, холбогдох төрийн бус байгууллагуудаас авсан саналд тулгуурлан зайнаас тандах аргаар хийсэн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь шалгаж, дурсгалт газрын соёлын орон зайг тогтоож, хамгаалалтад авах газрын хэмжилтийг хийж 22 цэг, 44 мянган га талбайг хамарсан газрын зургийг боловсрууллаа.