СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ОНОЛ-ДАДЛАГА ХОСОЛСОН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын туршлага судлах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж байна.

Энэ удаагийн туршлага судлах сургалт арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 22-ноос 29-ны өдрүүдэд Япон улсын Осака хотын Хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Нара Их Сургуультай хамтран нэг долоо хоногийн турш зохион байгуулсан ба сургалтад Соёлын өвийн үндэсний төв, Хархорум музей, Чойжин ламын сүм музейн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдав.

 Сургалтын хүрээнд Осака хотын Хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Осака хотын үндэсний түүхийн музей, Нара Их Сургууль, дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын ил лабораторийн Нара хотын түүх, урлаг соёлын тосгон, Токио хотын Кокүгакүин их сургуулийн археологийн тэнхим, Тэнри хотын Материал судлалын хүрээлэн, Киото хотын урлагийн их сургуульд онол дадлага хосолсон сургалтад оролцлоо. Энэхүү сургалтаар органик болон органик бус материал бүхий соёлын биет өвийн судлал, дурсгалт уран барилгын хадгалалт хамгаалалт ба сэргээн засварлалт, хүрээлэн буй орчны төлөвлөлт, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт хийх суурь судалгааны аргазүй, музейн сан хөмрөгийн тогтвортой орчин бүрдүүлэлт, хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгаа, лабораторийн бүрдүүлэлт хийх аргазүйгээс суралцсан юм. Мөн Осака хотын Үндэсний түүхийн музей, Осака хотын Угсаатны музей, Нара хот болон Киото хот, Токио хотын түүх, соёл, урлагийн цогцолбор бүхий дурсгалт газартай танилцлаа. Энэхүү сургалтад дэмжлэг үзүүлсэн Япон улсын Осака хотын Хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Осака хотын Үндэсний түүхийн музей, Нара Их Сургууль, Нара хотын түүх, урлаг соёлын тосгон, Киото хотын урлагийн их сургууль, Токио хотын Кокүгакүин их сургууль, Тэнри хотын Материал судлалын хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье. Сургалтын явцад Токио хотын Кокүгакүин их сургуулийн музейд "Далайн гүнд нойрсож буй Монголчуудын довтолгоо 750" сэдэвт тусгай түр үзэсгэлэн болон Хубилай хааны 5 элчийг мөнхөлсөн Жёорюү сүмийг үзэж танилцсан нь онцлог боллоо.