“АРХИТЕКТУРЫН БАРИМТАТ ӨВ” ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ
Олон улсын архивын өдрийг жил бүрийн 06 дугаар сарын 09-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил олон улсын архивын өдөрт зориулсан “АРХИТЕКТУРЫН БАРИМТАТ ӨВ” сэдэвт архивын баримт (түүх соёлын дурсгалт барилга байгууламжийн ажлын зураг) үзэсгэлэн амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөг дэх зураг төсөл, техникийн баримт, гэрэл зураг, ном судар, Соёлын өвийн үндэсний төвийн сан хөмрөг дэх барилгын материалын дээжээс сонгон дэглэжээ. Үүнд модон хийц бүтээцтэй сүмийн барилга байгууламж буюу XV-XX зуунд Монгол нутагт анх баригдсан Эрдэнэзуу хийд, Заяын хүрээ, Шанхын хийд, Гэсэр сүм, Амарбаясгалант хийд, Сангийн Далай хийд, Мигжид Жанрайсиг сүм, Сэцэн ханы ордон, Увс Харлаг бэйсийн сууц, Цалгарын Цогчин дуганы хэмжилт, өнгө будаг, техникийн зураг болон эд өлгийн зүйлсийн дээжийг нэгтгэн баяжуулан дэглэв.
Монголын тал нутгийн нүүдэлчдийн уран барилгын дурсгалыг архитектурын зураг төслөөр дамжуулан архитектурын чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сонирхогч олон нийтэд танилцуулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг 2026 оны 06 дугаар сарын 09-12-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.














