УРАЛДААНЫ ЭХНИЙ ӨДӨР ТОГООЧ НАР УЛАМЖЛАЛТ ХООЛ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛЖ ӨРСӨЛДӨВ

“Монгол үндэстний уламжлалт идээ ундааны улсын аварга тогооч шалгаруулах 2 дахь удаагийн уралдаан”-ы эхний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
 
2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн байранд зохион байгуулагдсан уралдаанд 21 аймаг, нийслэлээс хүрэлцэн ирсэн хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, уламжлалт идээ ундааны бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаагаа олон нийтэд дэлгэн толилуулав.
 
Үзэсгэлэнд оролцож буй бүтээгдэхүүнүүд нь өөрийн өвөрмөц онцлог, уламжлалт арга технологи, орц найрлагаараа ялгарах бөгөөд Монгол үндэстний хоол хүнсний соёлын баялаг өвийг олон талаас нь харуулсан онцлогтой болсныг оролцогчид болон шүүгч нар тодруулж байв.
• Монголчуудын цайны соёл
• Цагаан идээ боловсруулах уламжлал
• Улаан идээ боловсруулах арга ухаан
• Байгалийн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах соёл
• Айраг исгэх уламжлал
• Архи нэрэх өв уламжлал зэрэг нь хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа боловсруулж хэрэглэхээс гадна монголчуудын ахуй, соёл, мэдлэг ухааныг илэрхийлсэн үнэ цэнтэй өв болохыг харуулж байна.
 
Уг үзэсгэлэн нь уламжлалт идээ ундааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэгчдийн ур чадварыг сурталчлах, цаашлаад эрдэм шинжилгээ, судалгааны ач холбогдол үйл ажиллагаа болж буй юм.