СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ОНОЛ-ДАДЛАГА ХОСОЛСОН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын туршлага судлах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж байна. Энэ удаагийн туршлага судлах сургалт арга хэмжээг Япон улсын Осака хотын Хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Нара Их Сургуультай хамтран нэг долоо хоногийн турш зохион байгуулсан ба сургалтад Соёлын өвийн үндэсний төв, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын музейн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдав.

Сургалтын хүрээнд Осака хотын Хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Нара Их Сургууль, Токио хотын Мэйжи Их Сургууль, Тэнри хотын Материал судлалын хүрээлэнд онол дадлага хосолсон сургалтад оролцлоо. Энэхүү сургалтаар органик болон органик бус материал бүхий соёлын биет өвийн судлал, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт хийх суурь судалгааны аргазүй, музейн сан хөмрөгийн тогтвортой орчин бүрдүүлэлт, хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгаа, лабораторийн бүрдүүлэлт хийх аргазүйгээс суралцсан юм.

Мөн Осака хотын Үндэсний түүхийн музей, Осака хотын Угсаатны музей, Нара хотын Түүх, соёл, урлагийн цогцолбор бүхий дурсгалт газартай танилцлаа.

Энэхүү сургалтад дэмжлэг үзүүлсэн Япон улсын Осака хотын Хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Осака хотын Үндэсний түүхийн музей, Нара Их Сургууль, Токио хотын Мэйжи Их Сургууль, Тэнри хотын Материал судлалын хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье.