“Соёлын биет бус өвийн боловсрол” хөтөлбөрийг анх удаа зохион байгууллаа
Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга билээ. Хүмүүний амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний соёл иргэншлийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг чухал хүчин зүйл юм. Иймд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах ялангуяа залуу үеийнхэнд илүү гүнзгий ойлгуулах нь нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна.
Энэ онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын 20 жилийн ойн тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв болон Соёл урлагийн их сургуультай хамтран “Соёлын биет бус өвийн боловсрол” хөтөлбөрийг анх удаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хөтөлбөр нь оюутан, залуучуудад зориулан 2003 оны конвенцын үзэл баримтлал, суурь зарчмуудыг таниулах, түүнтэй холбоотой мэдлэг чадавхыг бэхжүүлэн нэмэгдүүлэх, соёлын биет бус өвийг хамгаалах, конвенцыг хэрэгжүүлэх замаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чилэсэн билээ.
Хөтөлбөрт есөн их дээд сургуулийн 60 гаруй оюутнууд оролцлоо. Хөтөлбөрийн эхний даалгавар нь, “Соёлын биет бус өв бидний амьдралд” нэртэй богино хэмжээний дүрст бичлэг бүтээх, хоёрдахь даалгавар нь Соёлын биет бус өвийн долоон ай сав, ЮНЕСКО-ийн 2003 оны конвенц ба Монгол Улс гэсэн сэдвүүдээс бүрдсэн асуулт хариултын тэмцээн байсан бол удаах нь Соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх багийн кэйс ажиллагаа байлаа.
Хөтөлбөрт багийн нийлбэр дүнгээр Хангай дээд сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Мандах Их Сургуулийг төлөөлсөн багууд эхний гурван байрыг эзэллээ.
Хөтөлбөрийн төгсгөлд оюутнууд сургуулийн хамт олон, найз нөхөддөө соёлын биет бус өвийг хадгалж хамгаалахад хэрхэн өөрсдийн хувь нэмэр оруулж болох талаар санал, сэтгэгдлээ хуваалцлаа.