СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ОНОЛ-ДАДЛАГА ХОСОЛСОН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын туршлага судлах сургалт арга хэмжээг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж байна.
Энэ удаагийн ээлжит туршлага судлах сургалт арга хэмжээ Япон улсын Осака хотын Хадгалалт хамгаалалтын хүрээлэн, “Нара”-ийн ИхСургуультай хамтран 2 долоо хоногийн турш зохион байгуулагдсан ба сургалтад Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан үндэсний музей, Хархорум музейн мэргэжилтэн албан хаагч нар хамрагдав.
Сургалтын хүрээнд Осака хотын хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Нара их сургууль, Тэнри хотын материал судлалын хүрээлэн, Киото хотын урлаг дизайны их сургуульд түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал, түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын менежмент, органик болон органик бус материал бүхий соёлын биет өвийн материал судлал, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт хийх суурь судалгааны аргазүй, 3 хэмжээст баримтжуулалт, музейн сан хөмрөгийн тогтвортой орчин бүрдүүлэлт, хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгаа, лабораторийн бүрдүүлэлт хийх аргазүйгээр хангагдаж, Осака хотын үндэсний түүхийн музей, Осака хотын угсаатны музей, Ойта хотын түүхийн музей, Такашима хотын музей, Тенри хотын орон нутаг судлах төв, Нара хотын түүх, соёл, урлагийн цогцолбор, Хубилай хааны усан флотын дайралт хийж байсан түүхэн газар болон тус улсаас Дэлхийн өвд бүртгэгдсэн дурсгал, улсын хамгаалалтын зэрэглэлтэй дурсгалт газартай тус тус танилцлаа.
Манай улсын талаас Ойта хотын Ротари олон улсын нийгэмлэг, Бэппү ахлах сургуульд Монгол орны түүх, соёлын өв, Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны ерөнхий ойлголт, сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Энэхүү сургалтад дэмжлэг үзүүлсэн Япон улсын Осака хотын хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Осака хотын үндэсний түүхийн музей, Нара их сургууль, Тэнри хотын материал судлалын хүрээлэн, Киото хотын урлаг дизайны их сургууль, Ишикава ХХК, Ойта хотын Ротари олон улсын нийгэмлэг, Ойта хотын түүхийн музей, Такашима хотын музейн хамт олонд талархал илэрхийлье.