СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТӨСЛИЙН БАГ МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД АЖИЛЛАЛАА

Дэлхий дахинаа түүх, соёл, урлагийн бүтээлийг Google art culture буюу Гүүглийн соёл урлагийн талбарт байршуулан соёлын өвөө сурталчлан таниулах, мэдлэг мэдээлэл түгээх хэлбэр өргөн дэлгэрч байна.
2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Соёлын өвийн үндэсний төвийн Гүүглийн соёл урлагийн талбарт музейн мэдээлэл байршуулах төслийн баг Монгол цэргийн музейд ажиллаж Монгол Улсад хэрэгжиж байгаа Google art culture төслийн хэрэгжилт, ач холбогдол, онцлог, үр дүнгийн тухай дэлгэрэнгүй танилцуулж, тус музейн онцлог үзмэрүүд түүнийг хэрхэн танилцуулах, сурталчилгаа хийх талаар санал бодлоо солилцож, хамтран мэдээллээ бэлтгэн ажиллалаа.
Соёлын яамнаас санаачлан Соёлын өвийн үндэсний төвийн хэрэгжүүлж байгаа энэхүү төсөлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын музейнүүдээс Монгол цэргийн музей анх удаа Google art culture талбарт музейн мэдээллээ байршуулж байгаа нь онцлог юм.

Уг талбарыг ашиглагч үзэгч өөрийн сонирхсон үзмэрээ аль улсын ямар музейд, тэр тусмаа ямар танхимд хаана нь байршин дэглэгдсэн зэргийг нэг бүрчлэн үзэх,, баталгаат мэдээлэл авах өргөн боломж олгодог орчин үеийн технологийн ололт юм.