"Лимбэдэх уламжлалт арга битүү амьсгаанд суралцах нь" гарын авлага, номын нээлт амжилттай боллоо
Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Монголын Лимбэчдийн холбоо” ТББ хамтран “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийг 2019-2021 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн гол зорилго нь ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас 2011 онд бүртгүүлсэн “Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа” өвийг хамгаалахад Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв болон бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан хүчин чармайлтыг бэхжүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, өвлөн уламжлагчдыг алдаршуулан сурталчлах, залуу хойч үедээ өвлүүлж түгээн дэлгэрүүлэх замаар энэхүү өвийн тогтвортой оршин тогтнох байдлыг хангах явдал юм.
Төслийн нэгдүгээр шатанд “Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа” өвийг өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулах хээрийн судалгааны ажлыг хийж, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори болон Ховд, Завхан, Өмнөговь аймгуудад лимбэний шавь сургалтын танхимуудыг байгуулж, тохижуулаад байна.
Төслийн хүрээнд баруун, зүүн, төвийн бүсийн хэмжээнд шавь шавь сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж, сургалтад ашиглах “ЛИМБЭДЭХ УЛАМЖЛАЛТ АРГА БИТҮҮ АМЬСГААНД СУРАЛЦАХ НЬ” DVD бүхий гарын авлагыг боловсруулан гаргаж гарын авлага, номын нээлтийг хийсэн.
Нээлтийн үйл ажиллагаа Юнеско-гийн Монголын үндэсний комиссын хурлын танхимд 2019 оны 10 дугаар сарын 16-ны 11:00 цагт болсон бөгөөд нээлтэнд Юнеско-гийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төв, Монгол Лимбэчдийн холбоо ТББ, Соёл урлагийн их сургууль, Монгол улсын Консерватори, Монголын хүүхдийн ордон, Глобал олон улсын дунд сургуулийн төлөөллүүд, Лимбэний өвлөн уламжлагч, суралцагч, нар оролцсон.
Энэхүү гарын авлагт Лимбэний хийц, бүтэц, лимбэдэх барил, тавил, амьсгааны төрөл, хэлбэр, хэлний цохилго ба хэллэг, хурууны хувиарилал, даралтын хувилбарууд, битүү амьсгаанд суралцах аргачлал, дөрвөн хуруугаар лимбэдэх аргын хувилбар, бэсрэг болон айзам уртын дуунуудыг нотлон оруулж, DVD-нд алдарт гавьяат лимбэч Л.Цэрэндорж, МУГЖ М.Дорж, СТА Д.Энхтайван, Ц.Цэвэгсүрэн, Г.Нямжанцан, Д.Даваасүрэн, Б.Мягмарцэрэн нарын тоглосон 16 бэсрэг болон айзам уртын дууг дуу, дүрстэй оруулсан нь урьд хэвлэгдсэн гарын авлагуудаас илүү баялаг болсон.
Дээрх үйл ажиллагаанаас гадна лимбэ урлалын уламжлалт арга ажиллагааг заан сургах, “Тогтвортой хөгжил ба Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгаа" эрдэм шинжилгээний хурал, уралдаан, наадам зохион байгуулах, "Монгол лимбэчдийн бүтээлийн дээжис” CD; лимбэчдийн намтар, танилцуулга бүхий ном бүтээх, энэхүү өвийн уламжлал, шавь сургалтын явцыг харуулсан баримтат кино бүтээх зэрэг үйл ажиллагааг төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
Төсөл хэрэгжсэнээр “Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа” өвийг өвлөн суралцагчийн тоо нэмэгдэж, өвийн цаашид оршин тогтнох чадвар бэхжих бөгөөд ЮНЕСКО-д бүртгэгдээд байгаа монголын энэхүү соёлын биет бус өвийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт нэмэгдэх бодит ач холбогдолтой юм.