“Соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах, хадгалан хамгаалахуй” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын удирдлагын төв академиас зохион байгуулсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах, хадгалан хамгаалахуй” сэдэвт олон улсын семинар 2025 оны 06 дугаар сарын 19-нээс 07 дугаар сарын 02-ны хооронд Бээжин хотод болж өнгөрлөө.

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын удирдлагын төв академи нь Соёл, аялал жуулчлалын яамны харьяа боловсрол, сургалтын гол бааз юм. Сургалтад САЖУТА-ийн Олон улсын солилцооны газар, Франц дахь Хятад улсын элчин сайдын яам, Хятадын үндэсний урлаг, гар урлалын музей, Ордны музей, Тэнгэрийн сүм паркийн удирдлагын газар, Хятадын мэдээлэл, харилцааны их сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн менежментийн сургууль, Сун Ятсений их сургуулийн Хятадын соёлын биет бус өвийн судалгааны төв зэрэг байгууллагуудаас профессор, судлаачид хүрэлцэн ирж, соёлын биет бус өвийг орчин үед хэрхэн шинэ медиа, технологиор дамжуулан хүргэх арга зам, туршлага болоод Хятад улсын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, хөгжлийн талаар сонирхолтой лекц толилуулав.

Тус олон улсын семинарт Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет бус өвийн шинжээч А.Цэнд-Аюуш, Түүх, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан бүртгэл, мэдээллийн санч Н.Баасансамбуу, Компьютер графикч О.Батчулуун, Д.Мөнхбаатар нар оролцон, соёлын биет бус өвийн чиглэлээр мэргэжил, ур чадвараа дээшлүүлж, олон улсын туршлага судлаад ирлээ.

Энэхүү семинарт Kени, Этиоп, Танзани, Гамби, Занзибар, Маврикий, Сьерра Леоне, Өмнөд Африк, Эгипет болон Монгол Улс зэрэг 10 гаруй орнуудын соёлын биет бус өвийн мэргэжилтэн, судлаачид хамрагджээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Цагаан хэрэм, Тэнгэрийн сүм, Бээжингийн шаазан урлалын үйлдвэр, Хубилай хааны цагаан суварга болон бусад олон музейтэй танилцаж, туршлага судаллаа. Мөн Юньнаны мужийн Сишуанбанна өөртөө засах мужид зочилж, Дай, Жинуо, Айни зэрэг үндэстний цөөнх бүлгүүдийн уламжлалт соёл, ёс заншил, гар урлал, ардын урлагийн үзүүлбэрүүдийг үзсэн нь тус семинарын онцлох зүйл байлаа.