СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ЦАХИМ АРХИВЫН ТӨВ НЭЭЛЭЭ

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн соёлын төв (АСС) хамтран хэрэгжүүлж буй “Соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг бүтээх болон соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвд Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх “Цахим архивын төв”-ийг нээлээ.
 
Нээлтийн үйл ажиллагаанд ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг, Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Азийн соёлын төвийн куротар Жон Бун Су, Чоннам Их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн профессор, төслийн удирдагч Пак Жү Хён, СӨҮТ-ийн захирал, доктор Г.Энхбат, МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн болон бусад соёлын байгууллагуудын төлөөлөл оролцов.
 
“Соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг бүтээх болон соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх” төсөл хэрэгжсэнээр талуудын хамтын ажиллагааны хүрээг тогтоох, Монгол Улсын тогтвортой соёлын хөгжлийг дэмжих, соёлын өв, соёлын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх систем хөгжүүлэх, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна соёлын нөөцийн цахим удирдлагын системийг бий болгох замаар галерей, номын сан, архив, музейн тогтолоцооны хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын өв болон соёлын үйлчилгээг олон нийтэд хүргэх зэрэг ажлуудыг шат дараатай хэрэгжүүлнэ.
 
БНСУ-ын талаас “Цахим архивын төв”-д 60 сая воны үнэ бүхий тоног төхөөрөмж, тавилга бэлэглэсэн юм.