МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ОЛОН УЛСАД СУРТАЛЧЛАХ www.mongolia.ichlinks.com ЦАХИМ ХУУДАС НЭЭГДЛЭЭ
Соёлын өвийн үндэсний төв нь ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийг хамгаалах олон улсын сүлжээ төв (ICHCAP), Бутан Улсын Үндэсний номын сан болон Архивын газартай хамтран "ichLinks" Үндэсний тусгай хуудсыг 2020-2026 онд хөгжүүлж, 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр оролцогч талуудын хамт албан ёсны нээлтийг хийлээ.
Энэхүү цахим хуудас нь Ази, Номхон далайн бүс нутгийн Соёлын биет бус өвийн бүртгэл, мэдээллийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлж, Үндэсний соёлын биет бус өв, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг олон улсад сурталчлан таниулах, судалгааны эргэлтэд оруулахад оршино.
Мөн “Соёлын биет бус өвийг хамгаалах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 17-нд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалах тухай шийдвэрийг ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганаар албан ёсоор тунхаглан баталсан билээ.
Цахим хуудсыг 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенц”-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн өвлөн уламжлагчид болон орон нутгийн иргэдийн үнэт хувь нэмрийг өндрөөр үнэлэх ач холбогдолтой энэхүү дэлхийн хэмжээний өдрийг угтан эхлүүлж буйгаараа онцлог юм.
Цахим хэлбэрээр болсон нээлтийн үйл ажиллагаанд ICHCAP-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Гюри Пак, Бутан Улсын Үндэсний номын сан, архивын захирал Тонтен Доржи, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат болон 21 аймаг, нийслэлийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн Г.Баяртай, Н.Буяндэлгэр, Д.Балган, Б.Наранбат, Ч.Паламжав, ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн Шинжээч А.Саруул нар оролцлоо.






