СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ОНОЛ-ДАДЛАГА ХОСОЛСОН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын туршлага судлах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж буй билээ.
Энэ удаагийн туршлага судлах сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд Япон Улсын Осака хотын Байгалийн түүхийн музейтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад Буриадын автономит улсын соёлын байгууллага "Академич В.А. Обручевын нэрэмжит Хиагтын музейн ерөнхий сан хөмрөгч Эльвира Райцанова, Улаан-Үд хотын Соёлын өвийг хамгаалах олон нийтийн төв, Хуучин хот төслийн дарга Аюна Пивоварова, Улаан-Үд хотын Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол, Буддын шашны болон төвд судлалын хүрээлэн, Археологи болон угсаатан зүйн сектор, ахлах судлаач, доктор Цыденова Наталья Владимировна нар хамрагдав.
Сургалтын хүрээнд Осака хотын Байгалийн түүхийн музей, Угсаатан зүйн музей, Дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын ил лаборатори, Нара хотын түүх, урлаг соёлын тосгоны лабораторид онол дадлага хосолсон сургалтад оролцлоо.
Энэхүү сургалтаар соёлын биет өвийн дижитал баримтжуулалтыг бүтээлч үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, дурсгалт уран барилгын ландшафтын архитектур буюу гаднах талбай, газарзүй бүтэц, хүрээлэн буй орчин, нийгмийн зан үйл, гоо зүйн үр дүнг бий болгох талаар номын дуу сонссон юм.
Мөн ил музейн бүтээн байгуулалт, лабораторийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны суурь судалгаа, сэргээх засварлалт, музейн үзүүллэг дэглэлт, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, “IPM-Integrated Pest Management” буюу хүрээлэн буй орчны тогтвортой орчин бүрдүүлэх, биологийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх судалгаа, олдвор болон үзмэрийн сав баглаа боодол, музейн үйл ажиллагаанд ашиглагдаж буй энтертайнмент чиг хандлагыг судалж, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан болон сэргээн засварлалтын чиглэлээр тулгамдаж буй асуудлын хүрээнд туршлага солилцов.
Сургалтын хүрээнд Осака, Токио, Нара, Киото хотуудын түүх, соёл урлагийн цогцолбор бүхий дурсгалт газартай танилцаж соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын туршлагатай танилцлаа.
Сургалтад дэмжлэг үзүүлсэн TENGIS TRADING.JP, Осака хотын байгалийн түүхийн музейн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.





