СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
ЮНЕСКО-ийн ивээл дэх Ази-Номхон далайн бүсийн СББӨ-ийн олон улсын сургалтын төв, Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран Үндэсний сургагч багш бэлтгэх чадавх бэхжүүлэх III шатны хөтөлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
“Соёлын биет бус өв ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт энэ удаагийн сургалтыг нээж ЮНЕСКО-ийн ивээл дэх Ази-Номхон далайн бүсийн СББӨ-ийн олон улсын сургалтын төвийн Сургалтын албаны хөтөлбөрийн зохицуулагч Жан Юэ, Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат нар үг хэллээ.
Уур амьсгалын өөрчлөлт ба үндсэн ойлголтын талаарх хэлэлцүүлэг, ЮНЕСКО-ийн конвенц, уур амьсгалын үйл ажиллагааны хүрээ, СББӨ болон уур амьсгалд дасан зохицоход чиглэсэн хувьсан өөрчлөгдөж буй хандлага, Уур амьсгалын өөрчлөлтийн талаар Монгол Улсын баримтлах бодлогын тойм гэх зэрэг 25 хэсгээс бүрдсэн энэ удаагийн сургалтад Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёлын биет бус өв хариуцсан мэргэжилтнүүд оролцож байгаа юм.










