“МОНГОЛЫН АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ-ТАЛ НУТГИЙН УРАН БАРИЛГА” СЭДЭВТ АРХИВЫН БАРИМТЫН ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД БОЛЖ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газар болон БНСУ-ын Сөүл хотын Ханян (Hanyang) их сургуулийн Архитектурын тэнхимийн Зүүн Азийн архитектурын түүхийн судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан “МОНГОЛЫН АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ- ТАЛ НУТГИЙН УРАН БАРИЛГА” сэдэвт архивын баримтын тусгай үзэсгэлэнгийн нээлт 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сөүл хотын Ханян их сургуулийн үзэсгэлэнгийн танхимд болж байна.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Соёлын өвийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийд зэрэг байгууллагын төлөөлөл, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн, Ханян их сургуулийн музей, Ханян их сургуулийн Архитектурын тэнхимийн Зүүн Азийн архитектурын түүхийн судалгааны хүрээлэн, Соёлын өвийн сэргээн засварлагчдын холбоо, Солонгосын уламжлалт архитектурын засварын технологийг дэмжих сангийн удирдлагууд болон “Сэхан Ти Эм Си” ХХК, “Шинсэгэ их дэлгүүр” ХХК зэрэг дэмжигч байгууллагын төлөөлөл оролцсон.
Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны атташе В.Амгалан, Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, БНСУ-ын Ханян их сургуулийн Олон улсын харилцааны захирал Ким Хан Сон, Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Лим Жун Док, Ханян их сургуулийн музейн захирал Ан Шин Вон, Соёлын өвийн сэргээн засварлагчдын холбооны захирал дарга Ким Сөн Док, дэд дарга Чой Си Хэон нар тус үзэсгэлэнгийн цар хүрээ, үнэ цэн, ач холбогдлын талаар үг хэллээ.
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буйг хоёр улсын олон байгууллага салбарууд төрөл бүрийн хэлбэрээр тэмдэглэж байна. Харин хоёр улсад Монголын архитектурын өвийг цогц системтэйгээр онцлон харуулсан үзэсгэлэн өнөөг хүртэл зохион байгуулагдаагүй тул Соёлын өвийн үндэсний төвийн Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах газрын чиг үүргийн хүрээнд дурсгалт газрын хадгалалт хамгаалалт, эвдрэл гэмтлийн судалгаа, нөхцөл байдлын дүн шинжилгээ, материал бүтцийн судалгааг холбогдох судалгааны байгууллага, их дээд сургууль болон гадаад, дотоодын ижил төрлийн байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд барилга архитектурын зураг төсөл ялангуяа хэмжилтийн зургийн баримтаар анх удаа тусгай үзэсгэлэнг дэглэлээ.
Энэхүү тусгай үзэсгэлэнгээр бид Монголын тал нутгийн нүүдэлчдийн уран барилгын дурсгалыг архитектурын зураг төслөөр дамжуулан танилцуулахыг зорилоо. Архитектурын төсөл нь барилгын хийц бүтээц, хэмжээ, материал, өнцөг, өнгө будаг зэргийг нүдээр харуулахаас гадна барилгын өөрийнх нь онцлог шинжийг ойлгох, хэмжих арга, илэрхийлэх арга, засварын арга ажиллагааны үйл явцыг судлах маш чухал мэдээлэл юм.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгт 1957-2004 он хүртэлх хугацаанд Монголын архитектурын өвтэй холбоотой хэмжилтийн зураг, сэргээн засварлалтын зураг төслийн баримт, техникийн тайлан, гэрэл зургийн цомог, дүрс бичлэг, сэргээн засварлалтын ажлын бүртгэл зэрэг баримт хадгалагдаж байна. Эдгээр баримтууд нь Монгол Улсаас гадна хуучин тогтолцооны үеийн ЗХУ, БНХАУ, Польш зэрэг улсуудаас ирсэн олон улсын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүн билээ.
Энэхүү үзэсгэлэнг монгол гэрийн загвар, монголын архитектурын дүрс бичлэг, Монголын архивын танилцуулга, архитектурын өвийн хэмжилт судалгааны түүх, Монголын архитектурын сэргээн засварлалтын зураг төсөл өмнө ба дараа, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн танилцуулга, Монголын архитектурын судалгаа гэсэн бүтэцтэйгээр дэглэн Монголын түүхэн уран барилгын төлөөлөл болсон бүтээлүүдийн хэмжилтийн зургийг сонгон толилууллаа.
Мөн түүнчлэн БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн болон Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 2015–2019 оны хооронд хэрэгжүүлсэн баримтжуулалтын судалгааны үр дүнг хамтад нь дэлгэн үзүүлж, хэмжилтийн зурагт агуулагдах соёлын болон судалгааны үнэ цэнийг олон талаас нь таниулж, сурталчилан түгээхийг зорьж архивын баримтын үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал хийж, Солонгосын түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалтын үйл ажиллагаатай танилцах болон соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын онол арга зүйн туршлага судалж, харилцан санал солилцож, хэлэлцүүллээ.
Тус архивын баримтын тусгай үзэсгэлэнг Сөүл хотын Ханян их сургуулийн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны 08 дугаар сарын 14-нөөс эхэлж дэглэн үзүүлж байгаа бөгөөд цаашид 3 сарын турш үргэлжилнэ.









