ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёлын өвийн үндэсний төв, Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Монголын Үндэсний спортыг хөгжүүлэх, цагдаагийн алба хаагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Үндэсний шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээнийг “Өв эрдэнэ” театрт зохион байгууллаа.
 
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зарладаг уламжлалт “Соёлын бүтээлч сар”, НЦУГ-ын сургалт, соён гэгээрүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан тус тэмцээнд 10 багийн 30 гаруй харваач цэц мэргэнээ сорьж, багийн харваа, цуваа харваагаар өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
 
Шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спорт-тоглоомын нэгэн төрөл бөгөөд харваачдад болон залуу үеийнхэнд бие бялдар, гоо сайхны хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэхжүүлэх, тэдэнд хамт олонч, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлдэг соёлын өвүүдийн нэг билээ.