САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв Бүгд Найрамдах Турк Улсын Археологи ба Соёлын өвийн хүрээлэнтэй археологи, соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурлаа.
Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат, Турк Улсын Археологи ба Соёлын өвийн хүрээлэнгийн ерөнхийлөгч проф, доктор Шабан Доган нарын байгуулсан энэхүү санамж бичгээр талууд Туул голын хөндийн эртний түрэгийн үеийн дурсгалт газруудад этно-археологи, уур амьсгалын өөрчлөлт, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, эрсдэлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
Дээрх төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд төсөлд Монгол Улсын холбогдох түүх, археологи, угсаатны зүй, хэл шинжлэл, байгалийн шинжлэлийн чиглэлийн мэргэжлийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагуудыг оролцуулахаар төлөвлөөд байна.
Төсөл хэрэгжсэнээр археологийн болон шинжлэх ухааны хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг нэгтгэсэн мэдээллийн сан үүсгэх, түүнийгээ харилцан ашиглах, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн боловсон хүчний солилцоог дэмжих, археологи, соёлын өвийн чиглэлээр сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтарсан хэвлэл, судалгааны бүтээл туурвих боломж бүрдэх юм.
Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд Туул голын хөндийн дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт хийж, цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх хариу арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын археологи, соёлын өвийн судалгааны харилцааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёлын өвийг хамгаалах туршлагыг бий болгох, олон нийтэд таниулах үйлсэд чухал ач холбогдолтой.






