МОНГОЛ ТУУЛЬС РОК ТӨСӨЛ “ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” ТУУЛИАР ЭХЭЛЛЭЭ
Монгол түмнийг оюун санааны хувьд нэгтгэх, дэлхийд өв соёл, түүхээрээ бахархуулах, ЮНЕСКО-д бүртгэгдсэн өв соёлоо үр хойчдоо өвлүүлэх, дуртай дуу хөгжмөөр нь дамжуулан баатарлаг туульсаа сэргээн сурталчлах зорилгоор “Монгол туульс рок” төслийг эхлүүлж байна.
“Хурд” хамтлагийн гитарчин, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Отгонбаярын санаачилсан уг төслийг нээж, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн “Өв эрдэнэ” театрт Монгол төрийн өргөмжит туульч, СГЗ А.Балдандорж, хөөмийч М.Саруултөгс нар “Хурд” хамтлагтай хамтран “Эрийн сайн хан харангуй” баатарлаг туулийг хайлж, өргөн олон түмэнд хүргэлээ.
Монгол туульс рок хамтлагийн анхны уран бүтээлийг үзэж сонирхохоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч бөлгөө Н.Энхбаяр, Соёл судлаач, Монгол Улсын Гавьяат багш М.Ганболд тэргүүтэй 60 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.
Монгол туульс рок нэгдэл ЮНЕСКО-ын Соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн Монгол туульсаар уран бүтээлээ эхлүүлж, хойшид монголын СББӨ-ийн олон төрөл зүйлийг рок хөгжимтэй нэгтгэж, залуу хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах зорилготой аж.







