СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын Өвөр Байгалийн ард түмнүүдийн угсаатны зүйн музейн захирал М.А.Анатольевичугийн албан хүсэлтээр Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт, хамгаалалт, технологи судалгааны газар болон Сэргээн засварлах газрын мэргэжилтнүүд хамтран соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгаа, сэргээн засварлалтын технологийн чиглэлээр тус музейн мэргэжилтнүүдэд онол практик хосолсон сургалтыг 2026 оны 5-р сарын 18-наас 5 сарын 22-ны хооронд зохион байгууллаа.
Тус сургалтын хүрээнд Буриад Улсын Үндэстний номын сангийн захирал А.В.Дашанимаева тэргүүтэй мэргэжилтнүүд Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, лабораторийн нарийвчилсан судалгаа болон цаасан эдлэлийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр хамтран ажиллах талаар тус Үндэсний төвийн захирал Г.Энхбат нартай уулзаж, санал солилцлоо.
Сургалтаар хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны төрөл зүйл болох мод болон цаасан эдлэлийн төрөл зүйл тогтоох, үзмэрийн 3 хэмжээст баримтжуулалт хийх, металл эдлэлийн элементийн найрлага тогтоох аргазүй, материалын чанарын судалгаа хийх аргазүй, хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгаа хийх аргазүй, анхан шатны лабораторийн бүрдүүлэлт хийх аргазүй, археологийн олдвор болон музейн үзмэр болох металл эдлэл, органик эдлэл, шүтээн зураг, даавуун эдлэл, цаасан эдлэл, модон эдлэлийн сэргээн засварлалтын чиглэлээр тус тус онол практик хосолсон мэдлэгийг олгов.
Сургалтыг тус төвийн мэргэжилтнүүд удирдан зохион байгуулсан бөгөөд Хадгалалт хамгаалалт технологи судалгааны газрын металл эдлэлийн сэргээн засварлагч Ч.Жавхлан, Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл хариуцсан бүртгэл мэдээллийн санч Ц.Марал нар албан ёсны орчуулагчаар ажиллав.















