“АРИРАНГ МАСТЕР”-УУД БАТЛАМЖАА ГАРДЛАА
БНСУ-д төвтэй Соёлын Мастер олон улсын байгууллагын тэргүүлэх санаачлага болох “Ариранг Мастер” төсөл нь дэлхийн хэмжээнд соёлын биет бус өвийг хадгалах, хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагч нарыг тодруулж өргөмжлөдөг. “Ариранг Мастер” цолыг СББӨ-ийг бүтээлчээр хамгаалах, сурталчлах, өвлүүлэн уламжлуулж багшлах ажилд чин сэтгэлээсээ зүтгэж, уламжлалт соёлын илэрхийллийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж буй хүчин чармайлтаар нь шалгаруулан сонгодог юм.
2024 оны 07-р сард “Соёлын Мастер” байгууллагын Олон улсын зөвлөл (IAB) хуралдаж, дэлхийн өнцөг булан бүрээс Арирангийн Мастеруудыг сонгон шалгаруулсан билээ. Үүнд Азербайжан, Канад, Перу, Монгол, Норвеги, Бразил, Балба, Иран, Казахстан зэрэг улсын 19 өвлөн уламжлагчийг соёлын өвд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, шагнажээ. Эдгээр өвлөн уламжлагч нар дэлхийн тавцанд Соёлын элчээр өргөмжлөгдсөнийг бэлгэдэн “Соёлын Мастер” олон улсын байгууллагаас албан ёсны “БАТЛАМЖ”-ийг хүргүүлсэн байна.
Монгол Улсаас энэхүү дэлхийн соёлын элч хэмээх “Ариранг Мастер” “БАТЛАМЖ”-ийг СББӨ-ийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилж Үндэсний жагсаалтад багтсан шилдэг өвлөн уламжлагч МУУГЗ Г.Баяртай, МУСГЗ А.Балдандорж нарт олгосныг 2024 оны 09-р сарын 09-ний өдөр Соёлын өвийн үндэсний төвийн ”Өв эрдэнэ” театрт албан ёсоор гардууллаа.