СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ЧӨЛӨӨТ УРАН БҮТЭЭЛЧ НАРТ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас соёл урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлч нарт зориулан зөвлөмж гаргажээ.
 
Сүүлийн үед орчин үеийн хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй зарим чөлөөт уран бүтээлчид бүдүүлэг, доромж утга бүхий үг хэллэг ашиглах, хүүхэд, өсвөр үеийнхнийг дээрэлхэл, садар самуунд уриалсан шинжтэй, нийгмийн ёс зүйд сөргөөр нөлөөлөх утга агуулга бүхий бүтээлийг шоу тоглолт, арга хэмжээний үеэр дуулах, цахим орчин болон олон нийтийн сүлжээгээр түгээх зэрэг зөрчил нэмэгдэж байна.
 
Иймд иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн холбогдох хуулиудыг үндэслэн доорх ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна.
1. Уран бүтээл туурвихдаа Монгол хэлний найруулга, утга төгөлдөр байдлыг эрхэмлэн, бүдүүлэг, доромж, садар самуун утга агуулгатай үг хэллэгийг олон нийтэд түгээхээс зайлсхийх;
2. Олон нийтэд түгээх уран бүтээлийн агуулга, илэрхийллийн хэлбэрийг ёс зүй, соёлын хэм хэмжээнд нийцүүлэхийг эрмэлзэж, садар самуун, хүчирхийлэл, гэмт үйлдэл, мансууруулах бодисын хэрэглээг сурталчилсан агуулга бүхий бүтээлийг түгээхгүй байх;
3. Хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, ялгаварлан гадуурхах, доромжлох, үзэн ядах хандлагыг өдөөх агуулга, илэрхийллээс татгалзах;
4. Монгол үндэсний болон угсаатын соёл, уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлсийг үл хүндэтгэсэн агуулга, илэрхийлэл хэрэглэхээс татгалзах;
5. Цахим орчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх контентын нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэж, аливаа уран бүтээл, контент нь нийтийн соёл, үнэт зүйлс, хүүхэд, өсвөр үеийн төлөвшилд нөлөөлөх чухал хэрэгсэл болохыг ухамсарлан, уран бүтээлчийн ёс зүй, хариуцлагыг баримтлах;
6. Уран бүтээлдээ ашиглаж буй хөгжмийн аялгуу, үг, яруу найраг, бичлэг, дүрс бичлэг болон бусад бүтээлийн оюуны өмчийн эрхийг хүндэтгэх;
7. Үндэсний соёл, үнэт зүйлсийг таниулан түгээн дэлгэрүүлсэн, хүүхэд, өсвөр үеийн хүмүүжил, соёлын боловсролд эерэг нөлөө үзүүлэх, нийгэмд зөв хандлага төлөвшүүлэхэд уриалсан контент, уран бүтээл туурвихыг зөвлөж байна.