“ӨВЛӨН СУРАЛЦЪЯ-2026” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Олон улсын хөтөлбөртэй Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургууль Соёлын өвийн үндэсний төв, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Өвлөн суралцъя-2026” төсөлт хичээлийн хөтөлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 19-нөөс 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж хэрэгжүүллээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвөөс сурагчдад Соёлын биет бус өвийн талаарх мэдлэг, ойлголтыг олгох зорилгоор салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтэн, өвлөн уламжлагчид оролцсон сургалт, арга зүйн үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм. Үүнд:
МУСГЗ, доктор (Ph.D), профессор М.Ганболд,
СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн доктор (Ph.D) М.Энхбаатар,
Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Ө.Батцэцэг, Г.Туул,
СГЗ биелээч Г.Баяртай, хотон биелээч Д.Балган нар оролцож, “Бэлчээр, өвс ургамал, ус шинжих мэдлэг ухаан”, “Ан амьтан, жигүүртэн шинжих мэдлэг”, “Монголын уламжлалт тоо, тоолол”, “Монголын уламжлалт хэмжил зүй”, “Соёлын биет бус өвийн бүртгэл, баримтжуулалт”, “Монгол угсаатны бий биелгээний онцлог” зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.
Хөтөлбөрт “Шинэ эхлэл” сургуулийн 6–12 дугаар ангийн нийт 326 сурагч хамрагдаж, Монгол Улсын соёлын биет бус өвийн үндэсний болон яаралтай хамгаалах шаардлагатай өвийн бүртгэлд бүртгэгдсэн 3 ай савын 19 өвийг судлан, практикт хэрэгжүүлсэн байна.
Сургалтын агуулга, оролцоо:
6–7 дугаар анги: Ардын язгуур урлагийн хүрээнд Захчин, Торгууд, Дөрвөд, Баяд, Хотон, Урианхай зэрэг угсаатны бий биелгээ болон Дархад, Барга, Буриад, Үзэмчин бүжгийг судалж, суралцсан.
8–11 дүгээр анги: Байгаль, сав шим ертөнцийн мэдлэг, уламжлалт ухаанд тулгуурласан сэдвүүдийг судалсан.
12 дугаар анги: Уламжлалт гар урлалын хүрээнд Торгууд, Захчин, Өөлд, Дөрвөд, Буриад, Хотон, Үзэмчин угсаатны хувцас хэрэглэлийг судалж, урлан бүтээсэн.
Сурагчид судалгаандаа тулгуурлан постер, гарын авлага боловсруулж, бий биелгээний тайлант үзүүлбэр толилуулж, соёлын биет бус өвийн агуулгатай үгийн сүлжээ, цаасан болон хөлөгт тоглоом бүтээж, сургуулийн орчинд болон гарын авлагадаа QR код ашиглан мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлсэн нь онцлох үр дүн байлаа.
Хөтөлбөрийн хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт VI–XII ангийн суралцагчдын төслийн ажлын үзэсгэлэн, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа, тайлант тоглолт амжилттай зохион байгуулагдсан юм.
“Өвлөн суралцъя-2026” хөтөлбөр нь сурагчдад Монголын соёлын биет бус өвийг танин мэдэх, өвлөн уламжлуулах, бүтээлчээр түгээн дэлгэрүүлэх чадамжийг төлөвшүүлсэн үр дүнтэй, ач холбогдол бүхий боловсролын үйл ажиллагаа боллоо.













