АРХИТЕКТУРЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Соёлын өвийн салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлах зорилгоор Соёлын өвийн Үндэсний төвөөс санаачлан “Архитектурын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын технологийн чиглэлээр онол, дадлага хосолсон сургалт”-ыг БНСУ-ын Үндэсний өвийн сэргээн засварлалтын технологийн холбоотой хамтран зохион байгууллаа.
 
Тус туршлага солилцох сургалт нь 2026 оны 06 дугаар сарын 17-ноос 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан бөгөөд Пажү хот дахь Уламжлалт архитектурын өвийн сэргээн засварлалтын технологи хөгжүүлэх сан, БНСУ-ын Үндэсний ардын музейн нээлттэй сан хөмрөг, Үндэсний ордон музейн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын лаборатори, Бунхва дахь Уламжлалт архитектурын өвийн сэргээн засварлалтын материалын төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэв.
 
Сургалтад Соёлын өвийн Үндэсний төв, Эрдэнэ Зуу музей, Архангай аймгийн музей болон Монголын Үндэсний музейн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдлаа.
 
Сургалтын хүрээнд соёлын өвийн хадгалалт хамгаалалт, ашиглалтын олон хэлбэрийг нэвтрүүлэх, уламжлалт мэдлэгийг соёлын өвийн хадгалалт хамгаалалтад ашиглах, түүхэн архитектурын өвийн хадгалалт хамгаалалтын онцлогтой танилцах, материал судлал, сэргээн засварлалтын арга зүй, лабораторийн зохион байгуулалт, музейн орчны судалгаа, хяналт мониторинг, үзүүлэг дэглэлтийн стандарт, сан хөмрөгийн бүрдүүлэлт зэрэг чиглэлээр мэдлэг, туршлага солилцов.
 
Мөн оролцогчид Гёнжү хотын Үндэсний музей, Кёнбүг ордон, Ёнжү хот дахь Пүсокса сүм, Хваннёнса сүмийн туурь, Кымгванчон булш, Чомсондэ одон орны ажиглалтын цамхаг, Дэрынвон булшны цогцолбор, Камынса сүмийн ихэр чулуун суварга зэрэг түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа.