СОЁЛЫН ӨВИЙГ ДИЖИТАЛ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХ, КОНТЕНТ БҮТЭЭХ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон БНСУ-ын Азийн соёлын төв (ACC) хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт БНСУ-ын Куанжу хотноо 2026 оны 07 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
 
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдав. Сургалтын хүрээнд соёлын өвийг цахимжуулах, зураг үүсгэгч хиймэл оюун ухаан (AI) ашиглан контент бүтээх, практик аргачлалд суралцаж, цахим удирдлагын нэгдсэн портал (GLAM 2.0)-ийн бүтэцтэй танилцан мэдлэг, туршлага солилцов.
 
Уг төслийн хүрээнд соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх "ЦАХИМ АРХИВЫН ТӨВ"-ийг Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Солонгосын талаас 60 сая воны өртөг бүхий цахим архивын тоног төхөөрөмжийг хандивлан 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нээхээр төлөвлөж байна.
 
Ингэснээр манай улсын түүх, соёлын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн баримтжуулж, урт хугацаанд найдвартай хадгалж хамгаалах боломж нэмэгдэх юм. Мөн оролцогчид БНСУ-ын Азийн соёлын төв (ACC)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.