УСАН ДООРХ СОЁЛЫН ӨВИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Япон улсын Такашима арлын хэсэгт живсэн Хубилай хааны усан флотын дурсгалт газарт 2017 оноос Япон улсын судлаачидтай хамтарсан судалгаа хийх, усан доорх соёлын өвийн мэргэжилтэн бэлтгэх, олдвор, эд өлгийн зүйлийн харьцуулсан судалгаа хийх зэргээр ССАЖЗЯ болон Соёлын өвийн үндэсний төвийн зүгээс шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
 
Энэ удаагийн задгай далайн гүнд шумбах эрх авах онол дадлага хосолсон сургалтад СӨҮТ-ийн Авран хамгаалах эрсдэлийн судалгааны газрын түүх соёлын үл хөдлөх дурсгалын шинжээч Б.Амгаланбат хамрагдаж буй бөгөөд 2025 оноос бэлтгэл сургуулилтаа ханган 2026 оны 7-р сарын 25-наас 8-р сарын 01-ний хооронд Токио хотын Кокүгакүин их сургууль болон Нагасаки хотын далай судлал, усан доор үйл ажиллагаа явуулах цогц үйлчилгээний эрхтэй "Күнитоми” ХХК-тай хамтран хамрагдаж байна.
 
Сургалтын үр дүнд 20 метрийн гүнд шумбах техник, шаардлагатай хувцас, тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт хийх, усны даралтын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын үндсэн дараалал, гэнэтийн ослын үед авах арга хэмжээ, усны гүнд хүчилтөрөгчийн дутагдлаас үүсэх өвчлөл, урьдчилан сэргийлэх аргазүй, усны гүнд шумбах төлөвлөгөө, хүний биед даралтын нөлөөгөөр уусах азотын эрсдэл, шумбалт болон усны гадарга дээр гарах цагийн тооцоолол, усны ёроолд археологийн малтлага хийх үеийн биеийн тэнцвэр олох аргазүй эзэмших зэрэг олон улсын стандартад нийцсэн шумбалт хийх эрхтэй болно.
 
"Күнитоми” ХХК-ийн удирдагч багш Мияано Тэппэй, туслах багш Үэхара Макито, зөвлөх багшаар Токио хотын Кокүгакүин их сургуулийн доктор профессор Икэда Ёшифүми, туслах чиглүүлэгч, орчуулагчаар СӨҮТ-ийн Хадгалалт хамгаалалт технологи судалгааны газрын дарга, доктор М.Оюунтулга нар ажиллаж байгаа юм.
 
Сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Токио хотын Кокүгакүин их сургуулийн доктор профессор Икэда Ёшифүми тэргүүтэй баг хамт олонд гүн талархал илэрхийлье.