“СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫН СИСТЕМИЙГ БҮТЭЭХ” ТӨСЛИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам болон БНСУ-ын Үндэсний Азийн Соёлын Төв хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын систем болон соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх” ODA төслийн сургалт эхэллээ. Тус сургалт 8 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд Үндэсний Номын Сангийн шинэ байранд үргэлжлэх бөгөөд Монголын Соёлын Өвийн Үндэсний Төв, Монголын Үндэсний Музей, Монгол Улсын Үндэсний Номын Сан гэсэн гурван байгууллагын нийт 39 албан хаагч хамрагдаж байна.
 
Төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дижитал системд шилжих бэлтгэлийг хангах зорилгоор системийн үйл ажиллагаа, хиймэл оюун ухааны технологи, эртний ховор соёлын өвийн архивжуулалт болон боловсрол, судалгааны контент бүтээх онол, дадлага хосолсон мэдлэгийг олгож байна.
 
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын соёлын ховор нандин өвийг дижиталд шилжүүлж, найдвартай удирдах, хадгалах, цаашлаад соёлын контент бүтээх таатай боломж бүрдэх юм.