СОЁЛЫН ӨВИЙН ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Солонгос Улсын Жиндо хотноо 2026 оны 09 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд “Жиндо олон улсын биет бус соёлын өвийн конференц-2026” олон улсын хурал зохион байгуулагдлаа.
 
“Living Heritage, Shared Futures-Амьд өв, хамтын ирээдүй” уриан дор Ази, Номхон далайн бүс нутгийн биет бус соёлын өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилгоор зохион байгуулагдсан хуралд Монгол, Солонгос, Хятад, Япон, Энэтхэг, Индонези, Вьетнам зэрэг орны төлөөлөгчид оролцож, нийгмийн огцом өөрчлөлтийн үед уламжлалт зан үйл, соёлыг ирээдүй хойч үедээ үнэ цэнтэйгээр үлдээх арга замын талаар санал бодлоо солилцов.
 
ЮНЕСКО-ийн 2-р зэрэглэлийн төв болох ICHCAP байгууллага, түүнчлэн БНСУ, БНСВУ, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хамтран олон талт санамж бичигт гарын үсэг зурсан нь Монгол Улсад үндэсний нүүдэлчин соёл, биет бус өвөө олон улсад сурталчлах, харилцан туршлага солилцох, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээсэн стратегийн ач холбогдолтой алхам боллоо.
 
Монголын төлөөлөгчдийн зүгээс СӨҮТ-ийн захирал, доктор Г.Энхбат “Монгол Улсын СББӨ-ийн цахим хөгжил” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, үндэсний өвийн цахимжуулалт, мэдээллийн сангийн хөгжлийн чиг хандлагыг олон улсын түвшинд танилцуулав.
 
Мөн энэ үеэр зохион байгуулагдсан “Жиндо олон улсын биет бус соёлын өвийн наадам”-д Монгол Улсыг төлөөлөн СӨҮТ-ийн дэргэдэх өвлөн уламжлагчдаас бүрдсэн “Өвгөдийн өв” хамтлаг оролцож, монгол нүүдэлчдийн биет бус өвийг олон улсын үзэгчдэд толиллууллаа.
 
Хамтлагийн бүрэлдэхүүнд МУУГЗ, бий биелгээ өвлөн уламжлагч Г.Баяртай, МУСГЗ, бий биелгээ өвлөн уламжлагч Ч.Паламжав, морин хуур өвлөн уламжлагч С.Сүрэнхүү, хөөмий өвлөн уламжлагч Л.Лхамрагчаа нар багтаж, Монголын соёлын биет бус өвийн олон талт илэрхийллийг олон улсын тайзнаа харуулсан юм.
 
БНСУ-ын Жиндо арал нь Солонгосын аман зохиол, ардын урлаг, бөөгийн зан үйлийн өлгий нутаг хэмээн алдаршсан бөгөөд цаашид ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлтэй хэнгэрэгт бүжгийн хот болон хөгжих зорилт тавин ажиллаж буй ажээ.