ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО

Оросын Холбооны Улсын Москва хотноо 2026 оны 9 дүгээр сарын 24–29-ний өдрүүдэд соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын “Прореставрацию” буюу шилдэг сэргээн засварлагч нэртэй 5 дахь удаагийн мэргэшлийн үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал, сэргээн засварлагч багш, оюутнуудын мастер классууд зохион байгуулагдлаа.
 
Энэхүү хуралд СӨҮТ-ийн Хадгалалт, хамгаалалт технологи судалгааны газрын дарга доктор М.Оюунтулга "Монгол Улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгаа", Сэргээн засварлах газрын дарга докторант Э.Батжаргал "Танка зургийн сэргээн засварлалт" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж цаашид хамтран ажиллах санал солилцов.
 
Тус арга хэмжээ нь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, судалгаа шинжилгээ, сэргээн засварлалтын уламжлалт болон орчин үеийн шинжлэх ухааны технологийн ололт, инновацын шийдлийг танилцуулж мэргэжлийн практик туршлага солилцох, соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр мэргэжлийн хамтын ажиллагаа өрнүүлэн харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон төдийгүй жил бүр эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байна.