ЭСГИЙ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА, ЗАН ҮЙЛ

Төв Азийн зүрхэнд орших Монголын сайхан орны ахуй, соёлыг эсгийгүйгээр төсөөлөх аргагүй юм.
Монголчууд эсгий гэртэй нүүдэлчдийн үр удам бөгөөд эртнээс эсгийг гэр сууцаас гадна тоглоом наадгай, гутал хувцас, эдлэл хэрэгсэл, бэлэг дурсгалын зүйлс, хөвөн материалыг орлуулсан түүхий эд болгох гэх мэтээр олон талаар хэрэглэж ирсэн. Тэр дундаа нүүдэлчдийн гоо зүйн мэдрэмж, таашаал, зан заншил, ертөнцийг үзэх үзлийг илтгэсэн урлагийн бүтээлийг бүтээж ирсэн нь бий. Ширдэг, ширмэл урлагаас гадна онцгой нэг зүйл нь ноосыг зулж бэлтгэн эсгий уран зурагийг ч бүтээдэг. Эсгий хийх уламжлалт арга бол монголын ард түмний өрхийн үйлдвэрлэлийн хамгийн том хэлбэрүүдийн нэг юм.

Айл саахалтынхан, хотол олон, хувь хүмүүс, эсгий хийх уламжлалт арга, холбогдох зан үйлүүдийг өөрсдийнхөө соёлын үнэт өвийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн зөвшөөрөн хүлээдэг юм. 

Малчин ардууд эсгийг ихэвчлэн 8 дугаар сарын дундуур хийдэг. Тухайн айл дангаараа хийхэд хүч хүрэхгүй ажил учраас айл хотлоороо нийлж хийнэ. Өдрийн сайныг сонгон тогтож, эсгийндээ гурван төрлийн ноосыг урьдчилан бэлтгэсэн байна. Үүнд, тухайн жилийн зун хяргасан эр хонь, төлөгний уртын ноос, өнгөрсөн намрын ахарын ноос, тухайн жилийн шинэ хурганы ноос хамаарна. Эм хонины ноосыг эсгийнд хэрэглэдэггүй. 2 метр өргөнтэй, 4-5 метр урттай эсгийнд ойролцоогоор 25-30 кг ноос ордог.

Нүүдэлчин ард түмэн оюун санааны их өвөө өсвөр үедээ өвлүүлэн дамжуулдаг, юугаар ч сольшгүй бүтээлч үйл эсгий хийх арга ухаан юм. Эсгий хийх аргыг малчны үр сад дагалдан сурч, сайтар эзэмшин, дараа дараа үедээ ягштал мөрдөх бөгөөд нэг хоёроос эхлээд олон арван бүлэг хүмүүс оролцдог заншилтай билээ.Түүнийг бүхий л тогтолцоогоор нь авч үзье:

1. Хонь хяргах
Эсгий хийх үйл хонь хяргахаас эхэлнэ.
Сарын сайныг саатан хүлээж
Өдрийн сайныг өнжин хүлээж, элбэг ноост хонио хяргах ёс түмэн жилийн түүхтэй билээ. Хонь хяргахдаа:
-Дэлхийн чинээ дэвжээтэй бол
Уулын чинээ унгастай бол хэмээн ерөөхөд:
-Мөр цохь хэмээн хонио хяргаж, эсгийчид ажилдаа ордог.
 
2. Ноос савах
Эсгий хийх зан үйлийн хоёрдох том үйлдвэр ноос савах юм.
Эсгий хөтлөгч:
-Савсан ноос чинь хөвөн болж
-Савааны чинь үзүүрт салмарч байг
-Хөөс шиг хөнгөн болтугай
Нуур шиг тунгалаг болтугай хэмээн ерөөхөд:
-Сэтгэлчлэн бүтэх болтугай гэцгээн түрж саваа шивхнэн эсгэрэх бөлгөө.
 
3. Мушгиа хийх 
Савсан «сэвсгэр цагаан алт»-ыг эсгийрэх чалхыг хадгалах үйлдэл «мушгиа хийх» юм. Хонины ноос, мяндсыг  зулцад оролцох нэгж  хэмжээгээр дугариглан ороож, мушгин  бэлтгэснийг «мушгиа» гэдэг. Мушгиалж хийсэн ноос дагтаршдаггүй билээ. 
 
4. Зулхайлах
Эсгийг зуны сүүлч намрын эхэн сар буюу хонь ахарласны дараахан голын хөвөө тэгш газрыг сонгон хийдэг. Нутаг бүрийд эсгий хийх газрыг тогтоон уламжилсан байдаг. Эртний хүмүүс үс ноос «сүлжилдэн ширэлдэхийг» таньснаар «эсгий хийж»,«ширмэл ширж», «ноос алгадах ур ухааны их өвийг» үлдээсэн билээ. «Адууны хөмөн» дээр «эх эсгий»-г дэлгэж, дээр нь «хонины унгас зулж», бүлээн, хүйтэн усаар шавшиж, эсгийрүүлэхийг «зулхай хийх», «зулхайлах» гэж нэрлэдэг. «Үс ноос» усан зуваг дамжин гүйж сүлжилдэж «ертөнцийн хамгийн зузаан бөс» бүтээх ид шидийн үйл явц болой. 
 
5. Бөмбөрдөх 
Зулхайг эсгийчид тал талаас алгадаж, хэвшүүлсний дараа эн захаас эхлэн гол модонд ороож, адууны хөмөнд дэвхэрлэн баглаж, сураар ханачлан боохыг «бөмбөрдөх» гэж нэрлэдэг.
 
6. Эсгий татах
Бөмбөрдсөн эсгийд сүүн цацал өргөхөд татлага эхэлнэ. Бөмбөрдсөн зулхайн «бул»-ны хоёр талд үхрийн эврийн тугалмайгаар хийсэн «чих» углаж, хоёр сэнжнээс нь дээсээр «тооно тушиж» бэхлээд, голны уртын хэмжээгээр хоёр үзүүрээ «бэлчирлэж» уяад, адуу, тэмээний тохош, эмээлийн дөрөө тэргүүтний сэнжинд оруулж, «тэвх»  модоор тээглүүлэн, эсгийг  өнхрүүлж чирэхийг «эсгий татах» гэж нэрлэдэг.
 
7. Эсгийн жишлэг
Нялх эсгийг задалмагцаа захаас нь таталцаж, тэгшхэн сайхан болгон захлах үйлдийг  «жиших» гэж нэрлэдэг.
 
8. Эсгийн хатаалга
Жишиж захалсан шинэ эсгийг ширэг газар дэлгэж тэгш сэврээхийг хатаалга гэдэг. Их зураач Марзан Шаравын «Нэгэн өдрийн явдал»  зурагт эсгий хийх бүхий л явцыг дурайтал зурагласан байдаг. Ингэж хатаасан «ноос хялгас» маш өнгөлөг байгалийн үнэртэй, хэрэглэхэд халгүй  болж хатдаг.
 
9. Эсгий тужрах
Айл бүхэн эсгий хийж, эсгийн хурим найр үргэлжлэхийг эсгий тужрага гэнэ. «Эсгий тужрах» зан үйл бол нүсэр том хөдөлмөрийг хамтран гүйцэтгэх, өв соёлынхоо ололт, туршлагыг солилцон эзэмшсэний бахархал юм. 
 
10. Гэр бүрэх
Жишиж, захалсан  шинэ цагаан эсгийгээр юу хийхээ товлон сонгож, хэмжээ тавьж, чавхдаад, туурга, дээвэр, өрх, халз, үүд, цаваг тэрггүүтнээ эсгэж, зах хөвөөнд зээг тавьж оёод, барьсан гэрийн модон дээр нөмөргөн, тус бүрийн оосроор хөвөрхий уяж бэхлэхийг «гэр бүрэх» буюу «гэр бүрлэг» гэж нэрлэдэг. «Гэр бүрлэг»-ийн дараа «гэрийн найр», «залуу хосуудын хурим»-ууд болж, хотол олноороо хөхин баясдаг билээ.
 
11. Эсгийн өтөг
Эсгий хийсний хуримыг «эсгийн өтөг»  гэдэг. Айл саахалтаараа эсгийн өтөг хийж, эрхэм хүндтэй айлдаа хотол олноороо цуглан,үдшийн бүрийгээс үүрийн долоон жин хүртэл оньсго таалцан, үлгэр домог ярьж, тууль хайлах оюуны нөхөн үйлдвэрлэл явуулж, өсвөр үеэ сурган хүмүүжүүлэхийг «эсгийн хутаар» гэж нэрлэнэ. Биет бус соёлынхоо өвийг  хадгалах энэ ёс заншил мартагдаж эдүгээ мөхсөнөөс оюуны нөхөн үйлдвэрлэл  ихээхэн хохирч  байна.
 
12.Ширэх
Энэ бүх дамжлагаар хийсэн цагаан эсгийг дангаар гэр бүрэхээс гадна түүн дээр хээ, дүрсийг тэмээний ээрсэн утсаар шаглаж ширж оёхыг «ширэх», ширж урласан бүтээгдэхүүнийг «ширмэл» гэнэ. «Утас ээрэхдээ» ноосоо нарийхан сунгаж жигд цувин ээрүүлийн голыг баруун гарын эрхий долоовор хуруугаар утасны хамт барин нар зөв эргүүлэн эрчлэн, дээс томдог. Эсгийг «цагаан өнгөөр нь ширэх» буюу, эсвэл харлаг эсгий дээр «өнгө бөс татаж» дээр нь хар зургийнхаа дагуу ширэх хоёр үндсэн аргаар ширж, тойруулан «тэмээний утсан  зээг» даруулж оёно. Хүннүгийн Ноён уулын бунхнаас гарсан «эсгий ширмэл» үүнийг баталж байна.
 
13. Толог
хэмээх олон янзын зориулалттай, тэр болгонд «хээн ширээс» маяглуулан оёж үйлдсэн байдаг. Сударт: Хүүхэд төрөхгүй удах тохиолдолд энэ хүрдийг тэр эхнэрт үзүүлээд «төөрөг муруй» замыг дагуулан гагцхүү хаалгаар дотогш орж, хуруугаар зуруулахад төдөлгүй амар хөнгөжих болой” гэжээ.
Эсгий ширмэлийн «бүтээгдэхүүн» олширч, «тоонолжин», «өлзий», «шургуулга», «алх», «түмэннасан хээ» зэргийг уламжлалт хэв маягаар урлаж байна.
 
14.  Зээглэх
Бод малын хөөвөр, хялгасыг нар зөв, буруу эрчилж алгадаж томж хийснийг дээс гэдэг. Дээсээр зүйл бүрийн зээгийг хэд хэдэн дамжлагаар томно. Бэлтгэсэн «хошлон», «гурамсан», «дөрөмсөн» «зээг» хэрэглээний төдийгүй гоо сайхны хосмолжин зориулалттай бөлгөө.
Хонины ноос нь хүний биед олон талын ач тустай түүхий эд болохыг монголчуудын уламжлалт хэрэглээний түүх, эрдэмтэдийн судалгаанаас тогтоогдсон байдаг.
Энэхүү судалгаагаар хонины ноосны бусдаас давуу шинж чанар нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг, өөртөө шингээж гадагшлуулдаг, галд тэсвэртэй, цахилгаанждаггүй, бөөр нурууны өвчинд тустай гэх мэт хүний эрүүл мэндэд ач тустай 15 шинж чанар байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Монголчуудын өнө эртнээс амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ноос нь дээр дурдсан шинж чанараас гадна хорт бодисыг өөртөө шингээж, дуу чимээ багасгахаас гадна агаар цэвэршүүлэх үүрэг гүйцэтгэдэг байгалийн эко бүтээгдэхүүн билээ.
 
Газар зүйн тархац
Монгол эсгийн өвийг урианхай, ойрад, дөрвөд, баяд, хотгойд, дархад, буриад, халх, казах эсгий хэмээн олон ястны хийц маягаар, газарзүйн байршлаар тархцыг тодорхойлж болно. Эсгий өргөн хүрээгээрээ Евразийн эх газар тархан хөгжсөн боловч газар бүрийн өвөрмөц онцлогтой билээ.
 
Бүртгэл
"Эсгий урлал" нь Монголын биет бус соёлын өвийн салшгүй хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөн төрөөс албан ёсоор бүртгэсэн. БСШУСЯ-ны 2010 оны 3 дугаар сарын 5, 2011 оны 3 дугаар сарын 16, 2013 оны 2 дугаар сарын 8, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар Үндэсний төлөөллийн жагсаалтад бүртгэсэн.

Монгол Улсын Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 759 дүгээр тушаалаар батлагдсан шинэчилсэн найруулгад Соёлын биет бус өвийн бүртгэлийг шинэчлэх болон 1 дүгээр хавсралт, Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн бүртгэлийг шинэчлэх тухай 2 дугаар хавсралт орсон байна.

Энэхүү шинэчилсэн найруулгад Үндэсний төлөөллийн жагсаалтанд 7 дугаар буюу “Уламжлалт гар урлал” ай савд  “Эсгий урлал” нь бүртгэгдсэн байна. Энэ ай сав нь эсгий урлалтай холбоотой хэд хэдэн элементүүдийг багтаасан бөгөөд  40 дүгээрт “Эсгий урлал”, 41 дүгээрт “Эсгий хувцас урлал”, 34 дүгээрт “Уламжлалт гэрийн  урлал”, 35 дугаарт “Уламжлалт казах гэрийн урлал”, 36 дугаарт “Уламжлалт буриад урлалын урлал”, 36 дугаарт “Уламжлалт гоёл чимэглэл”, 63 дугаарт “Уламжлалт зээгт нааамлын урлал зэрэг бүртгэгджээ.

Түүнчлэн эсгий урлал нь Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн бүртгэлийн VII дахь ай савын 3 дугаарт бүртгэгдсэн  “Гэрийн бүрээс хийх уламжлалт арга ухаан” элементтэй холбогдоно.

Эсгий урлал нь 2003 оны конвенцийн 2.2-т заасан “Хэд хэдэн салбарыг хамарсан янз бүрийн элементүүдийг багтаасан нийгэм соёлын хөдөлмөрийн зан үйл юм”. Бүлгийн хөдөлмөрийн үйл явц нь ноос хяргахаас эхэлж, шөнийн туршид үргэлжлэх эсгий урласан баяр ёслолоор төгсдөг. Энэ нь арга техник, зан заншлыг дамжуулах үндсэн хэрэгсэл болох хэл дээр тулгуурладаг аман уламжлал юм. Харин эсгий урлах зан үйлийн ёслолын үе шаттай холбоотой урлагийн тоглолт, дуу, тууль, үлгэр зохиох явдал биш юм. Тиймээс өдөр шөнөгүй гэр бүлийн гишүүд цугларч, мэдлэгээ солилцдог нийгмийн практик юм.

Бүртгэлтэй өвлөн уламжлагч
 
4. Felt stitching- photo by National Center for Cultural Heritage.jpg
Эсгийн ширмэл урлал, 2023 оны шилдэг өвлөн уламжлагч, Д.Цэндсүрэн
ТББ
“Монголын эсгий урлалын холбоо”, “Цагаан алт”, “Марзан Шаравын урлагийн академи”, “Дүүрэн санаа”, “Цагаан солонго”, “Ширмэл” зэрэг олон нийтэд түшиглэсэн байгууллага, ТББ-ууд Монгол Улсад эсгий бүтээлээ туурвих, үзэсгэлэн гаргах, сургалт, семинар зохион байгуулах зэргээр тус элементийг сурталчилж байна.
 
Гэрэл зургууд

Зурагчин Б.Баярмагнай

Зурагчин Б.Баярмагнай

Зурагчин Л.Ганзориг

Зургийг Соёлын өвийн үндэсний төв

Зурагчин Б.Баатарсүрэн

 
Зурагчин Б.Баатарсүрэн

Зурагчин Ганзориг

Зурагчин Ганзориг

Зурагчин Ганзориг

Зурагчин Ганзориг

Зурагчин Ганзориг

Зурагчин Ганзориг

Гэр бүрэх ёслол Б.Баатарсүрэн

Эсгий урлал Б.Баатарсүрэн

Эсгийний ноос бэлдэх Б.Баатарсүрэн

"Эсгий хийх уламжлалт арга, зан үйл"-ийн холбогдолтой ном зүй

1. Ц.Батсайхан Монгол үндэстний эсгий ширмэлурлал

2. Д.Тангад Монголын угсаатны зүйн судалгаа _IV



3. Д.Тангад Монголын угсаатны зүйн судалгаа_V



4. Монгол улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй үнэт төрөл зүйл


5. Л.Батчулуун Монгол эсгийн ширмэлийн урлал



6. Соёлын биет бус өвийн лавлах


7. Н.Уртнасан Монгол үндэстний биет бус соёлын өв






8. Монгол ёс заншлын дунд тайлбар толь





9. Монгол ардын уламжлалт ёс, зан үйлийн дээж 1,2



10. Монгол зан үйл, баяр ёслолын товчоон






11. Х.Доржханд Бүтээл дагасан зам - Гар урлал хийгээд урлаачдын тухай