ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын өв
2008 онМорин хуур хөгжмийн уламжлалт урлаг
“Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасанд багтаадаг”
Хэмээн магтан дуулсан билээ.
Морин хуур бол монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. Тэгээд ч айл болгон морин хууртай байхыг чухалчилдаг, гэрийнхээ хойморт хамгийн хүндтэй байранд залдаг, айлд орсон хүн заавал хуурдаж, эс чаддаг нь хууранд гар хүрдэг заншилтай байв. Хаврын улирал Монголчуудын уламжлалт цагаан сарын баяраар эхлэх бөгөд энэ баяраар хүмүүс өөр хоорондоо золгон ёслож, айл өрх бүр жилдээ сайн явах, өвчин зовлон, хэрүүл тэмцэлгүй байхын бэлэгдэл болгон “Гэрийн жавар үргээж” морин хуураар ая өргөдөг заншилтай. Энэ уламжлал төрийн ёслолд тусгалаа олж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгын дагуу жил бүрийн цагаан сараар Монгол улсын сүр хүч, айл өрх бүрийн түвшин жаргал, хүн бүрийн цог хийморийг бэлэгдэн Төрийн ёслолын өргөөнд “Төрийн их хан хуур”-ын сүлд аялгууг эгшиглүүлж, морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг орон даяар телевиз, радиогоор нэвтрүүлдэг болов.
Монголын олон ястны дунд хуурдахад тусгайлан зориулсан “татлага“ гэдэг уламжлалт аязууд буй. Төв Халхад “Жонон хар морины явдал” хэмээх хуурын аяз нутаг нутгийн онцлог ялгаатайтайгаар түгээмэл тархсан байдаг. бөгөөд говийн бүсэд “Хуурын магнай”, “Уулган шар атны явдал”, “Өрөөлт халтар морь”, “Аргалын хурга”, “Дааган нэмнээ”, “Шөргийн шар ат” гэх мэт холбогдох домог, түүх бүхий онцлог татлагууд буй.
Дарьгангын хуурчид “Зээний аяз”, “Могой хээр ”, “Ширүүн хар” /морь/, Нүцгэн цавьдар “, “Харцага зээрд”, “Хөх нуурын тогоруу” зэрэг татлагууд хуурддаг.
Харин баруун монголд икэлийн татлага ба бии биелгээний татлага хэмээх өөр өөр зориулалттай аязууд буй. Биелгээний ая аялгуу нь тогтсон нэр устай, биелэх хөдөлгөөнд тохирсон аялгуу байдаг бол икэлийн татлага нь ямар нэгэн домогт ая аялгуу, мал амьтны үйл хөдлөл, алхаа гишгээ, тэдгээрийг төсөөлж дуурайх, уул усны чимээ, мал амьтны дуу, шуугиан, бугын урам, бухын урам, хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг аргадах ая, “Сариг цагаан ингэ”, “Жороо морины явдал”, “Балчин хээрийн домог”, “Эйвийн голын усан”, “Дөрвөн Ойрадын уриа”, “Өрөөлт шарга морь”, “Бээжин шар ат”, “Үен улаан цар” г.м баялаг олон төрөл байдаг.
Морин хуур нь эдгээр уламжлалт татлагуудаас гадна ардын уртын дууг дагнан тоглох, уртын дуучинтай хамсран тоглох хөгжмийн гол зэмсэг юм.
Хуур, икэл нь уртын дуу, бии биелгээнээс гадна үлгэр, тууль, ерөөл, магтаал зэрэг ардын аман билигийн олон төрлүүдтэй ая хамсарч, тэдгээрийн салшгүй нэг махбод нь болж байдаг. Зүйрлэн хэлвээс монгол ардын уламжлалт урлаг хэмээх саглагар их модны салаа мөчир бүр нь морин хуур хөгжимтэй иш үндэс нэгтэй гэж болно.
Монголчууд морин хуурыг бүтээж, түүний тоглох арга барилыг үндэсний уламжлалт урлагийн сонгодог төрөл болтол хөгжүүлж чадсан нь хүн төрөлхтний соёлын өв санд монгол угсаатны оруулсан хувь нэмэр мөн гэдгийг үнэлж 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуурын урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн билээ.
2008 онМонгол ардын уртын дуу
2009 онМонгол тууль
Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг.
Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Академич Ц.Дамдинсүрэнгийн хэлснээр “олонд алдартай үлгэрч, туульч нар болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан” ажгуу. Туулийг товшуур, хуур, экил, хуучир зэрэг хөгжмийн зэмсгийн аль нэгнээр ая хамсран хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс буй.
Туульч хүн уран сэтгэмж, үгийн баялаг, ой тогтоолт сайтай, “уйдсан хүний сэтгэлийг сэргээж, унтсан хүний нойрыг хулжааж” чадах уран чадварыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Тууль хайлах эрдмийг энэ мэт төгс эзэмшсэн Буурал Сэсрэн, Мандихайн Парчин, Лувсан хуурч, Жилкэр, Ширэндэв, Баглай, Чойсүрэн, Авирмэд, Уртнасан, Зодов нарын зэрэг үе дамжсан удамт туульчдийн нэр алдар эдүгээ ард түмний дунд домог болон үлджээ. Тууль хайлах нь зөвхөн зөвхөн гоо сайхны учир холбогдолтой төдийгүй зан үйлийн холбогдолтой юм. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй. Туулийг өдөр хайлдаггүй, шөнө хайлдаг.
Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдлэж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж ирсэн уламжлалтай. Тууль төрийн ёсонд төдийгүй гэрийн ёсонд хүндтэй байр эзэлдэг. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнан тууль сонсдог. Ойрадын туулчид тууль хайлахын өмнө “Алтайн магтаал” хэлж, Алтай дэлхийгээ аргадан байж сая туулиа хайлж эхэлдэг. Ган гачиг, зуд шуурга, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.
XIX зууны сүүлчээс эхлэн гадаад, дотоодын эрдэмтэд судлаачдийн тэмдэглэн авч судалгааны эргэлтэд оруулсан Монгол туулийн хэдэн арван дурсгал бичгийн хэлбэрээр үлдсэн боловч, XX зууны дунд үеэс эхлэн XXI зууны эхэн гэхэд Монгол туулийн амьд уламжлал тасрах бодитой аюулд тулгарав.
XX зуунд монгол оронд болсон нийгмийн олон өөрчлөлтийн явцад үгийн урлагийн хүрээнд бичгийн уран зохиол давамгайлах болж, аман зохилын нийгмийн үнэлэмж бүдгэрч байна.
Ийм нөхцөлд Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан нь тууль, түүний өв санг хамгаалах сэргээн амилуулахад түлхэц үзүүлсэн чухал үйл явдал болов.
2009 онМонгол цуур хөгжмийн уламжлалт урлаг
2009 онМонгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг
Баруун монголын Урианхай, Торгууд, Дүрвэд, Баяд, Захчин, Казах, Хотон, Мянгадын бий биелэг нь ахуй байдлын нийтлэг хэв шинжээрээ адил төстэй мэт боловч, хөдөлгөөн тус бүрдээ өөр өөр намба төрх, утгыг хадгалсан, өвөрмөц давтагдашгүй шинжийг агуулдаг. Ойрадын дээрхи олон овог, ястны бии бийлэгийн төрх намбыг ялгахад тэдгээрийн хөгжмийн уламжлалт зэмсгийн ая хамсраа онцгой үүрэгтэй байдаг. Тухайлбал Урианхай, Торгуудын бии биелэгийг нь товшуурын эгшгэнд голлон биелдэг байхад, Казахуудад доомборын аясаар биилэх нь тохиромжтой байдаг. Дүрвэд, Баяд, Захчин, Хотон ардын бии биелэгийн эв намба нь экилийн уран татлагад илүү тодордог бөлгөө.
Судалгаанаас үзэхэд эдүгээ Ойрадын олон ястны бии бийлэгийг язгуур шинжээр нь хадгалж үлдсэн билэг авъяастнуудын тоо цөөрөн цөөрсөөр байна. Үүнээс улбаалаад монголын олон ястны уламжлалт бүжиг, бии, биелгээний өөр өөрийн өвөрмөц онцлог, ялгаа зааг бүдгэрч, бии, бийлгээний ая, татлагууд мартагдаж гээгдэхийн босгонд тулав.
Монголчуудын уламжлалт бүжиг – бий бийлэг нь Монгол улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй өвийн зэргэлэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн тунхаглагласан болно.
2010 онМонгол наадам
2010 онМонгол ардын Хөөмэйн урлаг
2010 онШувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл
2011 онМонгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил –битүү амьсгаа
2011 онАлтан товч
2011 онМонгол Данжуур
Ганжуурын тайлбар болох Данжуур (Зарлигийн орчуулга) судар нь 226 боть бөгөөд Энэтхэг, Төвдийн эрдэмтдийн бичсэн их бага арван ухааны шастирууд, 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107839-н хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм. Энэхүү "Монгол шунхан Данжуур"-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсанданбийням тэргүүтэй 200 орчим гүүш төвд хэлнээс монгол хэлнээ 1741-1742 онд орчуулсан бөгөөд 1742-1749 оны хооронд Бээжинд барлан 226 боть болгон модон бараар хэвлэсэн олон хүний хамтын бүтээл юм. Данжуурын дотор Бурханы шажны ном гол суурийг эзлэх боловч уран зохиол, толь бичиг, хэлний зүй, гүн ухаан, газар зүй зэрэг олон ухааны ном судар багтан оржээ.
2013 онМонгол гэрийн уламжлалт урлал, зан үйл
ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн жагсаалтад 2013 онд бүртгэгдсэн өв. Монгол гэр нь малчин нүүдэлчин ардын нутаг сэлгэн нүүдэллэхэд тохирсон, ачиж тээхэд хөнгөн, барьж буулгахад авсаархан сууц юм. Гэр бол монгол үндэстний, гоо сайхны мэдрэмж, уламжлалт гар урлал, бэлгэдлийг цогцоор хадгалсан, хүн амьдрахад тохь тухтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өвч бүтдэг, уран барилгын өвөрмөц шийдэл бүхийнүүдэлчин монголчуудын уламжлалт эко сууц бөгөөд тойрог суурьтай, тал бөмбөрцөг маягийн хэлбэртэй, гэрэл, дулаан болон агаарын зөв солилцоотой, газар хөдлөлт, салхи шуурганд тэсвэртэй, бөх бат, эвхэж задалж угсрагдах оньсон зохиомжтой, том бага янз бүрийн хэмжээтэй хийж хэрэглэж болдог онцлогтой.
Монгол гэр нь тооно, унь, хана, хаалга, багана зэргээс бүрдэх яс модтой, өрх, дээвэр, цаваг, туурга зэрэг бүрээстэй, Монгол гэрийн дотор ширмэл ширдэг дэвсэх, тохирсон тавилга тавих, хорин дөрвөн хасах оосор хошлон, хаяавч татах нь гэрийн дотоод, гадаад үзэмжийг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ Монгол хүний амьдралын орчил дахь гол гурван үйл явдал: шинэ хүн төрөх, хуримлах, насан өөд болох тэрчлэн эсгий хийх, шинэ гэр барих, гал голомтоо тахих, нүүдэллэх зэрэг уламжлалт зан үйл, ёслолууд цөм монгол гэрийн оршихуйн хүрээ, соёлын орон зайтай нягт холбоотойгоор өвлөгдөж ирсэн байна.
Уламжлалт гар урлалын олон төрөл зүйлийг цогцоор нь агуулсан гэрийн уламжлалт урлал, гэрийн орон зайд шүтэн барилдсан ёслол, зан үйлүүд нь монголчуудын нүүдлийн соёлын хэв маяг, үндэстний өвөрмөц онцлогийг илтгэн харуулж дэлхийд Монгол үндэстний нэрийн хуудас болох соёлын үнэ цэнийг агуулдаг юм.
Нүүдэллэн аж төрөх ёсны соёлын орон зайг нөхцөлдүүлж олон зууныг дамжин хөгжиж ирсэн монгол гэрийн урлал Монгол улсад эдүгээ ч амьд уламжлалаа хадгалан өвлөгдсөөр байна. Монгол гэр урлалын уламжлалыг өнө эртнээс өнөө хүртэл өвлөж үлдсэн голомт нутаг бол Монгол улсын нутаг дэвсгэрийн төв хэсэг, Хангайн нурууны өвөр талд орших Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Уянга, Хархорин, Арвайхээр сумд юм. Энэ бүс нутгийн урчууд гэрийн мод урлалын арга барил, ур хийцээрээ улс орон даяар алдартай бөгөөд улсын хэмжээн дэх гэрийн хэрэгцээний их зонхийг эдгээр урчууд хангаж буй болно.
Эдүгээ гэр сууцыг Монголын нийт нутагт түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд монгол гэртэй холбоотой олон зүйлийн уламжлал, ёслол, зан үйл өнөө хир хадгалагдан үлдсэн юм.
Гэр сууцыг Монгол улсаас гадна БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Халимаг дахь монгол үндэстнүүд, тэрчлэн Киргизстан, Казахстаны өвөг дээдэс өөр өөрийн онцлогтойгоор урлаж байсан уламжлалтай.
Уламжлалт гар урлалын олон төрөл зүйлийг цогцоор нь агуулсан Монгол гэр нь түүний хийц, хэсэг тус бүрээр дагнан мэргэшсэн олон урчуудын хамтын бүтээл байдаг. Монгол гэрийн урлалд холбогдох өвлөгч нар нь гэрийн яс мод буюу хана, унь, тооно, хаалга, багана урладаг модоч дархан, түүнийг хээлэн чимэглэгч будагчин, зүмбэрчин, сийлбэрчин, гэрийн эсгий бүрээс урлаач оёдолчин, гэрийн оосор бүслүүр хошлон томогч, ширдэг ширэгч уран үйлчид юм. Монгол гэрийн урлалд гэрийн яс модны урлал, түүнийг хээлж чимэглэх, сийлбэрлэх үйл ажиллагаа гол байр суурь эзлэнэ. Олон үе дамжин боловсорсон технологийн чанд горим, нарийн чимхлүүр ажиллагаа, ур ухаан, цаг хугацаа шаардсан энэ урлал ихэнх тохиолдолд удам дамжин үеэс үед өвлөгдөж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэн баяжиж, хөгжиж ирсэн юм.
Монгол урчууд гэрийг хэрэгцээ шаардлагаас нь хамаарч 3 ханатай жижиг гэрээс эхлээд 5, 6, 8, 10 ханатай болон түүнээс том, энгийн хийцтэйгээс эхлээд, гоо сайхны өндөр түвшинд урласан хүндэтгэл ёслолын орд өргөө гэх мэт олон янзын хийц, хэлбэрээр урладаг. Урлаачид гэрийг урлахдаа олон жилийн эдэлгээ, нүүдэл тээвэрлэлтийн ая даах бөх бат чанарыг онцгой анхаарч, үе үеийн оюуны их ололтыг багтаасан мэдлэг ухаан, бэлгэдэл, ёс уламжлалыг баримтлан өөр өөрсдийн өвлөж авсан гар урлалын өвөрмөц арга барилаар урлан бүтээж ирсэн болно.
Уламжлалт гэрийн урлал нь холбогдох урлаачид, хамт олон, өрх бүлийн хувьд аж төрөх эх үүсвэрийг бүрдүүлэхэд туслаж байдаг учраас уг хамт олондоо (community) үе дамжин тогтвортой уламжлагдаж байхнэгэн нөхцөл болдог. Энэ нь тухайн өвийн утга учир, агуулгыг алдагдуулахгүй, харин ч дэмжлэг үзүүлдэг гэж үзэж болно. Монгол гэр нь эдгээр урлаачдын ур ухаанаар дамжин бүтээгдэж, хөгжиж, өвлөн уламжлагдаж байгаа учраас уг урлалыг өмнөх үеэсээ өвлөсөн үнэт зүйлс, өв соёлынхоо салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг юм. Гэр урлал нь хувь урлаач, бүлэг, хамт олны бүтээн туурвих үйл ажиллагаа байдгаас өөрсдийн сэтгэл шингээж урласан бүтээлээр бахархаж тэдгээрээс таашаал хүртэх, дараа дараагийн хийц, урлалдаа тусгах санаа сэдлийг тасралтгүй эрж хайх зэргээр хүний бүтээлч чармайлтын гинжин хэлхээг бүрдүүлж байдаг.
Гэр урлал нь тухайн өвлөгч хамт олон, бүлэг хүмүүс өөрийн өвөрмөц онцлог байдал, оршин хөгжиж байгаагаа мэдрэх, залгамж холбоогоо бэлтгэхийн чухлыг ухаарах, соёлын олон төрөл зүйл, хүний бүтээлч сэтгэхүй, туурвилыг ойлгон дэмжих санаа сэтгэлийг төрүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
2013 онМонгол уран бичлэг
2013 ондЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад бүртгэгдсэн өвөрмөц, гайхамшигт урлаг. Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм.Бийрээр бичих нь хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбоотой төдийгүй урлаг гоо сайхны боловсролыг байнга хөгжүүлж байдаг. Дорно дахины улс орнуудад уран бичлэг нь бийр, бэх, цаас, нийлүүрийг ашиглан утга агуулга, үсгийн хэмнэлээр урлагийн бүтээл туурвидаг.
Анхны авианы бичиг өрнө зүгт дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн үндэс болж, дорно зүгт Арамей, Сири, Согдоор дамжин Уйгур үсэг Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ. Монгол уран бичлэг нь нүүдэлчдийн ахуй амьдрал байгаль дэлхийтэй уялдаж зохицсон мэт дээрээсээ доошоо чиглэлтэй нар зөв эргүүлэн бичдэг. Үсгийн бүтэц нь цөөхөн зурлагатай, нэг үсэг нь үгийн эхэнд, үгийн дунд, үгийн адагт гурван янзын дүрсээр тэмдэглэгддэг.Бичих онцлог нь үсгийн зурлагуудаа хооронд нь залгаж үг бүтээж бичдэг.
Монгол уран бичлэг нь монгол туургатны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний билэг тэмдэг билээ. Уран бичлэгийн үндсэн хэлбэр эртний тиг, хичээнгүй тиг, (албан ёсны бичлэг) гүйлгэн тиг, таталган тиг, эвхмэл тиг, (дугуй эвхмэл, дөрвөлжин эвхмэл) тамганы тиг, хос уянгын төрөл гэх мэт олон янз байдаг.
Бидэнд олдож байгаа монгол уран бичлэгийн хамгийн эртний дурсгал нь Чингисийн чулууны бичиг гэж алдаршсан, Есүнхэй мэргэний 335 алдад харваж оносныг алдаршуулан босгосон чулуун дээрх таван мөр, эртний тигээр сийлсэн бичээсийг 1224 онд бичигдсэн гэж эрдэмтэд үздэг.
Монголчууд түүхэндээ монгол бичгээс гадна “Хятан бичиг”, Пагва лам Лодойжалцаны 1269 онд зохиосон “Дөрвөлжин бичиг”, Зая бандид Намхайжамцын 1648 онд зохиосон “Тод бичиг, Өндөр гэгээн Занабазарын 1686 онд зохиосон “Соёмбо бичиг”, “Хэвтээ дөрвөлжин бичиг, Ханчен Агвааны 1905 онд зохиосон “Вагиндра бичиг”,“Латин бичиг” зэрэг үсэг бичгийн тогтолцоог хэрэглэж байв. Эртний монгол үсэгтэй дурсгал 1267 оны Абага ханы захидал, 1289 оны Аргун ханы захидал, Өлзийт ханы захидлууд болон гадаадын улс оронд хадгалагдаж байгаанэн ховор дурсгалууд олон байдаг.
Монголын түүхэнд XII зууны үеийн уран бичлэгийн нэртэй уран бичээч Чингай, Тататунга, Шихихутуг гэх мэт. Монгол даяар алдаршсан Эрхэмийн аймгийн Шагдар, Вангай аймгийн Наваан, Жасын аймгийн Лувсанжамц гээд хичээнгүй сайхан, хурдан бичдэг, гайхамшигтай хүмүүс байжээ. Богд хаант Монгол улсын эхэн үед яаралтай мэдээг Сэцэн хан аймгийн Дашням гүн морины хурдаар довтолгон явахын зуур бичиж дамжуулж байсан гэдэг.1911 онд шар торгон дээр уран бичсэн захидал дээр соёмбо үсэг, монгол үсэг, дөрвөлжин үсэг сийлсэн улаан үсэгтэй тамга дарсан захидал бидэнд өвлөгдөж үлдсэн билээ.
Эртний монгол уран бичээчид эхний бичсэн мөрийн бэх нь хатаагүй байхад, дараагийн мөрийг бичиж дуусгах, амьсгалаа тохируулж нэг амьсгаагаар бичих, жигд хэмнэлээр олон хуудас тасралтгүй бичих, өнгө өнгийн бэхээр алаглан бичих, нэг дусал бэхээр ч урлан бичдэг.Уран бичлэгээр бийрийн эрдэмд суралцсан бичгийн эрдэмтэд нэг үгийг 10,000 удаа бичиж байж сая сайн бичээч болдог гэлцдэг. Иймээс бийрээр хичээнгүй сайхан бичихэд сэтгэл оюун, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр нэн чухал байдаг.
Монгол уран бичээчид ном судраа бүтээхдээ өөрсдөө бийрээ урлан хийдэг байсан. Туулай, шилүүсний чихний үзүүрийн үс,алаг даага, гахайн сэрвээний, үхрийн чихний дотор талын үс, солонго, тарвага, зурам, хэрэмний сүүл, адууны дэл зэрэг монголын нутагт амьдардаг амьтдын үсээр бийрээ үслэдэг байжээ. Цаасыг том хэмжээтэйг нь морин цаас, жижгийг нь хонин цаас гэж нэрлэдэг. Хийгдсэн материалаар нь улаалжин, хулсан, хөвөнлөг, идээлсэн цаас , муувин, бидэрт цаас, цаваг цаас, зориулалтаар нь дөрөвт цаас, зургаат цаас, мөн гарал үүслээр нь Солонгос, Нанхиад, Төвд, Япон, Орос цаасыг ашигладаг байжээ.
Монгол уран бичлэгийн урлагийгЖалайр Д.Батбаяр, Д.Баттөмөр, Д.Ганбаатар, Б.Элбэгзаяа болон Г.Аким нарыг нийтэд түгээн дэлгэрүүлсэн уран бичээч, сэтгүүлчдийн төлөөлөгчид гэж үздэг. Монголын төрийн бус байгууллага болон Монгол хэл соёлын сургуулийн судлаачид, уран бичлэгийг бие даан суралцагч 150 гаруй гишүүд “Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо”, “Ас” уран бичлэгийн төв, “Бичиг соёл төв” нь монголын уран бичлэгийг хөгжүүлэх,дэлгэрүүлэх, төлөвлөгөөг хэрэгжүүлж,зохион байгуулан ажиллаж байна.
Монголын “Хүмүүн бичиг” сонингоор монгол уран бичлэгийн судалгаа, үзэсгэлэн бүтээл, заах арга, ярилцлага зэргийг монгол бичгээр ерөнхий боловсролын сургуульд мэдээлэл, мэдлэг боловсролыг түгээн дэлгэрүүлдэг. 2006 оноос “Бичиг соёл төв” монгол уран бичлэгийн “Бичиг соёл” нэртэй үзэсгэлэнг залуу уран бичээчдийн дунд жил бүр гаргаж, энэ үеэр “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдаан зохион байгуулдаг. ”Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо” 2007 онд байгуулагдажзалуу уран бичээч, суралцагчдыг дэмжих зорилготой “Шинэ цас” нэртэй үзэсгэлэнг нийт уран бичээчдийн дунд жил бүр зохион байгуулдаг.
Монголын үндэсний түүхийн музей, Түүхийн төв архив, Монголын үндэсний төв номын сан, Монгол улсын их сургуулийн дэргэдэх монгол хэл соёлын сургууль зэрэг байгууллагууд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтанд Монгол уран бичлэгийг нэр дэвшүүлэх ажилд туслалцаа үзүүлэн бичиг соёлын дурсгалууд болон ном судруудаа үзүүлж дэмжин ажиллалаа.
2014 онШагайн харваа
Шагайн харваа /2014 он/
ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн Төлөөллийн жагсаалтад 2014 онд бүртгэгдсэн өв юм. Монгол хүн малыг гаршуулж эхлэсэн цагаас “Шагайн соёл” үүсч, шагайгаар нааддаг 120 гаруй төрөл зүйл бий болжээ. Шагаа харваа нь ард олны дунд өргөн дэлгэрсэн төрөл зүйл юм. Шагайн харваа нь 9 тохой /4.72м/ зайнаас зурайд өрж байрлуулсан 30 ширхэг Хясааг нягт хатуу, үнэт модоор хийсэн хашлагын тусламжтайгаар тусгай сумаар няслан харваж, оноогоор илүүрхсэн тал нь ялдаг багийн тоглоом юм. Шагайн харвааны явцад харваачид уртын дууны эртний хэлбэрийг агуулсан “Найзын уухай”, “Самбарын уухай”, “Онооны уухай” гэх өөр өөр ая дан бүхий уухайг түрэн дуулж өөр хоорондоо үгээр бус ая дуугаар ойлголцдог онцлогтой. Шагайн харваа нь эртний нийтлэг тоглоом юм. Шагай харвахад гутлын шагайн тус газар улан дээр шагайгаа тавьж харвах, өвдгөн дээрээ ясан годил тавьж харвах, гол төлөв настайчууд хэрэглэдэг буугаар харвах зэрэг олон төрөл бий.