“НАУРЫЗ”

Наурыз баярыг тэмдэглэдэг зан үйлээс

Шинэ тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө од гаригс өөрсдийн хамгийн анхны байршилдаа эргэн ирж, өдөр, шөнө тэнцэж, мал төллөж, идээ цагаа гарч, газар тэнгэр сайн сайхнаар бялхдаг өдөр тул дорно зүгийн нүүдэлчин ард иргэд шинэ жил хаврын эх хэмээн эрт дээр үеэс тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Персчүүд галын наадам хийж, галдаа тос өргөж, долоон цагаан аягаар үндэсний шөлөөр дайлдаг. Модон анжисаар хэсэг газрыг хагалж, шинэ хувцсаар гоёж, морь уралдуулдаг байжээ. Эртний түрэгүүд ургах нарыг угтан золгож,орчноо цэвэрлэн, зургаан өдөр нь алтан зоос харвана. Алтан зоосыг оносон мэргэн нь нэг өдөр хаан ширээнд залран улсын эзний эрх ямбыг эдэлдэг нь өдөр шөнө тэгширсний адил хаан, харц хоёр адил тэгш эрх эдэлж гэсэн ардчиллын агуулга бүхий зан үйлтэй гэлтэй.

Харин Казахууд Наурызын шөнө гэрийнхээ хойморт хос зул асаан тавьж, гэр орон, эд хогшил, эргэн тойрноо цэвэр цэмцгэр байлгаад, жилийн турш идээ цагаа элбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж бүх сав суулгаа цагаан идээ, будаа тунгалаг усаар дүүргэж тавиад, өглөө нь бүгдээрээ цугларч бие биетэйгээ золгон, ахмадууд нь ерөөл,сургаал айлтгаж, булаг шандын ундаргыг цэвэрлээд “нэг бут тайраад арлыг суулга” гэсэн эцэг дээдсийн эрхэм сургаалыг дагаж хүн болгон нэг мод бут суулгасны дараа айл болгоноор орж Наурызын шөлөөр хооллоод тоглож нааддаг байжээ. Энэ өдөр “долоон бэрийнхээ магнайг үнсвээс тамын галд шатдаггүй” гэсэн сургаал үгийг хадам аав ээж нар гаднаас өрхийн гишүүн болгож авсан хүний үрийг эс гадуурхан хайрлаж байж жаргалтай амьдран хойч үеэ залгамжлуулах учиртай гэсэн утгаар хэлж, сургадаг.

Наурызыг тэмдэглэдэг эдгээр ёс заншил 70 гаруй жил мартагдсаны эцэст 1980-аад оны сүүлээр дахин сэргэж үндэсний томоохон баяр болох байр сууриа эзлээд байгаа юм.

Энэ баяраар Монгол Улсын Казах түмэн үндэсний дээл хувцсаараа гоёж, домбор, цуур хөгжмөө эгшиглүүлж, гарамгай бүргэдээ барьж баярын жагсаал хийдэг уламжлал тогтсон. Аймгийн төв талбайд өргөө цагаан гэрүүдээ эгнүүлэн жагсааж тэдгээр гэрийн дотрыг үндэсний уран гоё хийцтэй тавилга, эд хогшлоор чимэглэж өөр хооронд нь уралдуулдаг. Наадамчид гэрүүдээр орж Наурызын зоогоор үнэгүй дайлуулдаг. Цагаан сарын баярыг тус аймагт оршин суудаг үндэстэн, угсаатны бүлгүүд хамтран тэмдэглэдгийн адил бүгдээрээ нийлж бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний тоглоом наадам зохиодог.

Баярын зоог буюу “наурыз көже”

Үндэсний энэхүү зоогийг нэн ядуу айл ч чадал чинээгээрээ бэлтгэж зочноо баярлуулдаг. Учир нь ардын домгоор бол энэ өдөр шөнө ертөнцийн эх эзэн Аллахын элч азын тэнгэр Хызыр дэлхий дахиныг хэсэн хэссээр үл үзэгдэх дүрээр айл бүрд ордог.

Гэр орондоо цэвэр ариун эв түнжинтэй сайхан аж төрж гэрт нь хэн ч ирсэн цайлган цагаан өгөөмөр сэтгэл гарган зооглуулдаг хүмүүст аз жаргал, эд баялаг заяаж хоорондоо болон бусадтай эв түнжин муутай, муухай зан араншин хорон санаатай зөвхөн баяжихын төлөө байдаг хүмүүсийг хараадаг чухамдаа казахын зочломтгой чанар энэхүү итгэл бишрэлээс үүдэлтэй гэж болно.

Ардын ёс заншлаар бол Наурызын зоог болгож зөвхөн нэг л том тогоо дүүрэн шөл хийж бэлтгэх ёстой. Сүү буюу аарц, будаа, мах, тос, давс, сонгино, ус зэрэг долоон төрлийн хүнсний зүйлээр амталсан энэхүү "Наурыз көже"-г дуустал идвэл тухайн гэр орны гишүүн амны хишигтэй, аль болох олон айлаар орж цадтал идвэл тэдгээр хүмүүст буянтай гэдэг. Нэг тогооноос хоол идэх нь нэгдмэл байхын бэлэг дэмбэрэл, хурлын том тогоо анх бий болсон түүх түүнээс улбаатай гэдэг.

Наурызын ээлттэй тогооны дэргэд гэм буруутнаа өршөөж, гомдоосон хүмүүсээс уучлал хүсэж урьдын өш хонзонгоо умартан бүрэн ариусаж, цаашдын зорилгоо чин шударгаар төсөөлөн байж, зөв зам мөрөө олж санаж зорьсондоо хүрнэ гэж итгэдэг.

БСШУС-ын сайдын тушаал /2019.11.29, А/759/-аар Монгол Улсын соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” айн гуравт бүртгэсэн.

Газрын зураг

Nauryz-map-mon.jpg

Өвлөн уламжлагчийн бүртгэл

Засаг захиргааны нэгжӨвлөн уламжлагчийн тоо
1Улаанбаатар хот, Налайх дүүрэг4
2Төв аймаг2
3Баян-Өлгий аймаг21
 Нийт27

"Наурыз"-ийн холбогдолтой ном зүй

  1. Соёл урлагийн тайлбар толь. Соёлын өв. VI боть. Монгол Улсын Соёл урлагийн их сургууль. УБ. 2020. Наурыз.х. 206
  2. Цамбын Жаргалсайхан. Соёлын лавлах товчоон. УБ.2015.х.308
  3. Олон улсын наурызын баяр

Хавсралт материал

  1. Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл
  2. Зөвшөөрлийн бичиг - PDF (2.8 MB)

Дүрс бичлэг (Наурыз 2022)

Гэрэл зургууд

book5.jpgbook6.jpgbook7.jpgbook8.jpgIMG_5935.JPGIMG_6188.JPG