Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл

 “Хөхүүрийн айраг исгэх зан үйл”

Тодорхойлолт, танилцуулга

Монгол орон, малчин тvмний бахархах зvйлийн нэг бол гvvний айраг. Айраг цагаа нь эртнээс нааш монгол угсаатны дунд өв уламжлан хадгалж ирсэн технологи, зан үйлыг шингээсэн өвөрмөц ундаа билээ.

Айраг нь малын сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн цагаан идээ болоод ундаа юм. Айрагийг гүүний сүү, үнээний сүүгээр хийдэг. Халх Монголчууд гүүний сүүгээр, Баруун Монголчууд гүү, үнээний сүүгээр, Өмнөд Монголчууд голдуу үнээний сүүгээр айраг исгэдэг. 

Айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. Гvvний сайн айраг цангаа гаргах тєдийгvй хvний биед тvргэн шингэж, хоол идэх дур хvслийг ундруулж сvрьеэ, цусан суулга зэрэг зарим євчнийг хуртэл илааршуулах єндєр чанар, чадалтай байдаг. Гүүний айраг нь бие махбодид маш түргэн шингэж, бодисын солилцоог сайжруулдаг байна.

Гүүний айргийн найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагдаж байдаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг байдаг. Мөн үнээний сүүнээс гурав дахин их «С» витамин агуулсан ба кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуутай эрдэмтэд судлан тодорхойлжээ. Айрагт хүн болон амьтны бие махбодын эсэргүүцлийг нэмэгдүүлэгч энгийн уураг глобулин, бодисын солилцоог идэвхжүүлэгч альбумин, эс эдийн ферментүүдийн нийлэгжин бий болоход оролцдог уурагт нэгдлүүд, мөн бүх төрлийн чухал амин хүчлүүд их хэмжээтэй байдаг. Айраг бие махбодын дотоод үйл ажиллагааг, тухайлбал зүрх судас, төв мэдрэлийн системийг сэргээн, цусны эргэлт, хоол боловсруулалтыг зохицуулна. Бас сүръеэ, чийг бам, гэдэс дотрын янз бүрийн өвчтгэй хүнд ач тус ихтэй. Мєн айраг исэлтийнхээ байдлаас хамаарч хоол боловсруулах эрхтэний шvvсийг хvчтэй ялгаруулж, гэдэсний гvрвэлзэх хєдєлгєєнийг идэвхжvулэн, исэлдэн ангижрах урвалыг сайжруулдгаараа хvний биеийг эрvvлжvvлдэг гайхамшигтай. Манай оронд 1946 оноос эхлэн айргийн эмнэлэг сувиллын газар байгуулагдсан юм.

Хөхүүрийн айраг исгэх арга, технологи, зан үйл

Айргийг ширэн хөхүүр, модон хувингийн аль нэгэнд исгэх боловч хөхүүрт исгэх нь илүү байдаг. Монголчууд айргийг хоёр үндсэн аргаар исгэж иржээ.

 

  1. Хөхүүрээр исгэх. Урьд онд айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ерөөс гүүний айргийг хэдэн жил дараалан исгэсэн ширэн хөхүүр сүү айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддагүй.
  2. Хөрөнгөөр исгэх. Урьд жилийн намрын айрганд 1 кг орчим шар будаа үзэмний аль нэгийг хийж идээшүүлэн авч цэвэр уутанд хийж хадгалсан байх ёстой. Ингэж хатаасан хөрөнгөө саамандаа хийж бүлж исгэнэ. Эсвэл хонь ямааны шинэхэн таргаар хөрөнгөлөн исгэж болно. Ингэхдээ саамны литр бүрт 100-150 гр тараг ноогдуулна.

 

Булган аймгийн Сайхан сумынхан айргаа сайхан болгохын тулд хөрөнгөө өвөрмөц аргаар гарган авдаг. Тухайлбал: Хусран гүүний халуун саамыг айргийн ширэн борвинд хийж халуун өдөр моринд ганзагалан давхихад уг саам зайлагдаж өөрөө иснэ.


Намрын айрганд сайтар цэвэрлэсэн ахрын эсгийг хийж 15-20 хонуулаад авч сүүдэр газар хатаан салхи орохгүйгээр битүүлэн хадгалж хойт жил нь халуун сааманд хийж бүлээд, хөрөнгө гаргаж авна.


Айргийн исэлтэд нөлөөлөх нэг чухал ажиллагаа бол бүлэлт юм. Бүлэлтийг улирлын байдлаар тохируулан зун бол саамаа хийнгүүт 5000-7000, намар бол 3000-4000 бүлнэ. Намрын айргийг дэндүү олон бүлбэл шингэрч цайна. Зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн амттай болно. Бүлэлт сайтай айраг 7-8 цагт исгэж гүйцэнэ.


Исэлт гуйцсэн айраг нь сэнгэнэсэн сайхан vнэртэй, тосны хєхєвтєр жижиг бємбєлгvvд хєвж байдаг онцлогтой.


Монголчууд нь морьтойгоо нарийн холбоо харилцаатай бөгөөд энэхүү уламжлал нь мөн айраг исгэх зан үйл дээр нарийн ажигллагдаг. Айраг нь аливаа зочинд үзүүлэх хүндлэл ба найрсагаар угтах илэрлийн нэг юм. Иймдээ ч “Адуугүй бол айраггүй. Айраггүй бол найргүй” хэмээх хэлц үг монголчуудын дунд байдаг.

Газар зүйн байршил, тархац

Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булганы Сайхан, Могод, Баян-Агт, Архангайн Хайрхан, Хашаат, Хотонт, Дундговийн Эрдэнэдалай, Өвөрхангайн, Бvрд, Баян-Өндөр, Төв аймгийн Баян-Өнжүүл зэрэг олон сумдууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. 

Айраг төст ундааг хилийн гадна орших Монгол угсааны Халимаг, мөн түүнчлэн Казах, Киргиз, Автономит Башкир зэрэг улсууд хийдэг уламжлалтай.

Хууль эрх зүйн хамгаалалт

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/41 тушаалаар “Монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д 80 өвийн төрөл зүйл, “Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 16, нийт 96 өвийн зүйлийг шинэчлэн бүртгэж батласан байна.

“Монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-ийн Үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадмын төрөлд:

  • Гүүний үрс гаргах зан үйл,
  • Гүү барих зан үйл,
  • Унага тавих зан үйл,
  • Айраг, сархадын холбогдолтой зан үйл, 

Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологийн төрөлд:

  • Цагаан идээ бэлтгэх уламжлалт арга

Ардын уламжлалт гар урлалын төрөлд:

Уламжлалт арьс, ширэн урлал гэсэн өвийн төрөлд хөхүүрийн айрагтай холбоотой өвийн зүйлийг хамааруулан оруулж баталсан байна.

“Соёлын биет бус өвийн их наадам” 2014.5.15-ы өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-д “Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна” гэж заасан.

5 жил тутам зохиож ирсэн Бүх ард түмний урлагийн их наадмыг 1991 оноос эхлэн “Ардын урлагийн их наадам” хэмээн нэрлэн, зөвхөн ардын язгуур, уламжлалт урлагийн төрөл, зүйлийг хамруулан явуулах болж 1991, 1996, 2001 онд улсын хэмжээнд зохион байгуулж 2011 онд уламжлалт гар урлалын төрлийг хамруулан зохион байгуулах болжээ. Ингэснээр Гар урлалын энэхүү төрлөөр Хөхүүр хийдэг өвлөн уламжлагч нар оролцох боломж нээгдсэн байна.

Мөн 2014 онд шинэчлэн батлагдсан Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26.1 дүгээр заалтад “Соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жил тутамд, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран зохион байгуулна”, 39.2. дахь заалтад Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна гэж заасны дагуу үзлэг тооллого, наадмыг зохион байгуулан ажиллаж байна.

Хадгалж хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

“Өндөр Гэгээний төрсний ойн даншиг Их баяр наадамд  Хөхүүрийн монгол айрагны дээжээр мялаалга өргөмүй” хэмээх мялаалгын үйл ажиллагааг 2015 оны 7-р сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт зохион байгуулав.

Уг арга хэмжээг Соёлын өвийн төв, “Айрагны нутгаар” ТББ, “Байгаль соёлын өвийг хамгаалах сан” ТББ хамтран зохион байгуулж 325 гэрэл зураг, 16 цагийн видео бичлэгийг хийж бүртгэл мэдээллийн санг баяжуулсан.

Үйл ажиллагаа нь “Хөхүүрийн шилдэг айраг” шалгаруулах уралдаан, Хөхүүрийн айргийг хийх, хэрэглэх талаар үлгэр жишээ ажиллаж байгаа сумдыг шалгаруулах уралдаан, мялаалгын үйл ажиллагааны нээлт, хаалтын үйл ажиллагаа зэргээс бүрдсэн болно.

Айргийн баяр, мялаалгын ёслолын үйлажиллагааг зохион байгуулах хороог “Айрагны нутгаар” ТББ-ын тэргүүн Ч. Сосорбарамаар ахлуулан 10 хүний бүрэлдхүүнтэй байгуулж ажиллав. Хороо бэлтгэл хангах тодорхой төлөвлөгөө гаргаж идэвхи санаачлагатай ажиллав. Хорооны гишүүд 5 аймгийн 16 суманд томилолтоор ажиллаж айргийн баяр, уралдаанд яаж оролцох талаар тайлбарлан танилцуулж бэлтгэлийг хангуулснаар баяр, уралдаанд 4 аймгийн 13 сум, 33 айл өрх оролцсон нь хөхүүрийн айраг хийдэг бүх аймаг сумдын 70% орчим хувийг хамарсан байна.

Архангай аймгийн Хотонт сумд зохион байгууллагддаг “Айрагны баяр”  нь улс орон даярх хөхүүр урлаачид, хөхүүрийн айрагныхаа амт шимтээр бахархан гайхуулах адуучид, айрагны сайныг уух дуртай зон олны цугларах дуртай баярын нэг юм.

Нийслэл Улаанбаатар хотноо 2017 оноос Улсын Их баяр наадмын хүрээнд “Айрагны баяр”-ыг зохион байгуулдаг болсон нь уудам Монгол орны хөхүүрийн айрагны соёлыг түгээгч өвлөн уламжлагч, түүнийг шимтэн уух дуртай “айраганд дурлагсад”-ын талархалыг хүлээсэн баяр болоод байгаа билээ. Уламжлалт баяр ёслолоор дамжуулан улс даяаар хөхүүрийн айрагны онцлог, ач холбогдол, хөхүүрийн айрагтай холбоотой зан үйлийг сурталчилах томоохон индэр болж буй юм.


Эдгээр үйл ажиллагааны үр дүнд хөдөө орон нутгийн амьдралаас хол байдаг нийслэл Улаанбаатар хотын залуусд хөхүүрийн айраг, түүнтэй холбогдох зан үйл, мөн монгол уламжлалт идээ будааг таниулах зорилгоор жилийн 4 улиралд хөхүүрийн айрагаар үйлчилэх  өвлөн уламжлагч нарт түшиглэсэн уушийн газрууд үүд хаалгаа нээсэн нь СББӨ-ийг хадгалаж хамгаалах, түгээн сурталчилах шинэ гарц бөгөөд тухайн өвийн зүйл төдийгүй, бусад соёлын өвийг тогтвортой хөгжих үүдийг нээсэн нааштай алхам болж байна.

Өвөрхангай аймгийн Бүрд сум нь 2012 оноос аймгийн хэмжээнд “Адууны баяр”-ыг уламжлал болгон зохион явуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд уургач, бугуйлч, айраг уух тэмцээн, сайхан айраг, хувин сав, жороо морь, хос морьтон шалгаруулах зэрэг уралдаан, наадмыг зохион байгуулж байна.

Улсын болон бүсийн чанартай үзэсгэлэн, яармаг худалдаанд оролцож Баруун бүсийн шилдэг бүтээгдэхүүний уралдаанд 3 удаа тэргүүн байр, Улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан сар”, “Эрийн 3 наадам” зэрэг үзэсгэлэн худалдаанд 2008, 2010 онд тэргүүн байр эзэлж нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн юм.

Булган аймгийн Могод сумын өвлөн уламжлагчид нь “Намрын ногоон өдрүүд”, “эрүүл хүнс”, “Хангайн бүсийн үзэсгэлэн худалдаа” зэрэг томоохон яармаг худалдаанд өвлөгчдөө хамруулан “Орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн”, “Хангайн бүсийн шилдэг бүтээгдэхүүн”, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.

Хам бүлэг, өвлөн уламжлагч, ТББ-ийн оролцоо

Соёлын өвийн төвөөс 2010-2018 онд хийсэн бүртгэл судалгааны ажлын хүрээнд “Хөхүүрийн айраг исгэх зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн жагсаалтанд бүртгүүлэх ажлыг дэмжсэн орон нутгийн төр захиргааны байгууллага, өвлөн уламжлагч, холбогдох ТББ-тай хамтран уулзалт семинар, хээрийн судалгаа, наадмыг зохион байгуулсан.

Өвлөн уламжлагч, хам бүлгийн төлөөллөөс чөлөөт, урьдчилан мэдэгдсэн зөвшөөрлийг авч өвийг нэр дэвшүүлсэн материалын хамт ЕНБД нарын газарт хүргүүлсэн.

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад “Айраг исгэх зан үйл”-ийг бүртгүүлэх тухай зөвшөөрөл өгсөн өвлөгчдийн нэрс.

Хам бүлэг, өвлөн уламжлагчид, ТББ-аас чөлөөт, урьдчилан мэдэгдсний үндсэн дээр авсан зөвшөөрөл

1. Зөвшөөрөл (Өвөрхангай, Булган, Архангай аймаг)

2. Зөвшөөрөл (Улаанбаатар хот, Дундговь аймаг) 

Бүртгэл судалгааг баяжуулахад ажилд хам бүлэг, өвлөн уламжлагч, ТББ-ын оролцоо.

Энэхүү бүртгэлд хамрагдсан “Хөхүүрийн айраг исгэх зан үйл”-ийг өвлөн уламжлагчид Архангай, Булган Дундговь, Төв, Өвөрхангай аймгийн айрагтай сумдад байдаг бөгөөд  өвлөн уламжлагчийн бүртгэл судалгаанд хамрагдсан эдгээр өвлөн уламжлагчид нь тухайн орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, туршлагтай өвлөгч нар юм.

Айраг исгэх зан үйлийг уламжлан яваа орон нутгийн иргэд нь гэр бүлийн хэмжээнд хамтран хийж гүйцэтгэдэг, адуутай айл бүхэн айраг исгэдэг учраас олон зуун өвлөн уламжлагчтай учир бүх иргэдийг бүртгэх боломж хомс юм.  

Хөхүүрийн айраг исгэх зан үйлийг өвлөн уламжлагчдын шилдэг төлөөллийн нэрс

 

Айраг исгэх болон хөхүүр урладаг өвлөн уламжлагчдын бүртгэл

/2010-2018 оны байдлаар/

 

Монгол улсын соёлын биет бус өвийн уламжлалт зан үйл, гар урлалын ай савд багтах айраг айраг исгэх уламжлалт зан үйл, хөхүүр улах уламжлалт арга технологийг  өвлөн уламжлагч нарын бүртгэл 2018 оны байдлаар  УНБМСанд айрганы голомт нутаг болох Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв, Баян-Өлгий гэсэн 6 аймгийн 232 /давхардсан тоогоор/ уламжлагч бүртгэгдээд байна. Эдгээр өвлөгчид айргийг зөвхөн исгэхээс гадна 101 хүн нь өөрсдөө хөхүүрээ урлан хэрэглэж байна.  

 

Айраг исгэх болон хөхүүр урладаг өвлөн уламждагчдын

судалгаа, тоон үзүүлэлт

 

Аймгийн нэрс

Айраг исгэдэг өвлөн уламжлагчын тоо

Хөхүүр урладаг өвлөн уламжлагчын тоо

Дүн

/давхардсан тоогоор/

1

Архангай

36

22

36

2

Баянхонгор

14

10

14

3

Баян-Өлгий

32

14

32

4

Дундговь

110

29

116

5

Өмнөговь

15

8

15

6

Өвөрхангай

19

18

19

 

Нийт дүн

226

101

232

 

2010-2018 онд аймаг, сумдын анхан шатны бүртгэл мэдээллийн сангаас Соёлын өвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд ирүүлсэн Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын бүртгэл, мэдээллээс “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн өвлөн уламжлагчдын мэдээллийг шүүж гаргав. Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 20.1, 20.2, 20.3, 20.4, 20.5 дахь зүйлд заасны дагуу аймаг, сум дахь соёлын өвийн анхан шатны бүртгэл мэдээллийн сан нь соёлын өвийн бүртгэл, мэдээллийг Соёлын өвийн Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд ирүүлэх үүрэгтэй.  

"Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл"-ийн холбогдолтой ном зүй

1. С.Бадамхатан “Айраг” Монголчуудын уламжлалт идээ, ундаа, БНМАУ-ын Угсаатны Зүй, Улаанбаатар, Монгол Улс. Улсын Хэвлэлийн Газар. 1987. х-177


2. Г.Гонгоржав “Монголчуудын уламжлалт, идээ ундаа”, айраг “Гүүний айраг” Монголчуудын соёлын өв, Н.Уртнасан, Улаанбаатар, Монгол Улс. 2010, х-207

3. С.Юндэнбат, “Цагаан идээ боловсруулах уламжлалт арга технологи” Монголчуудын соёлын биет бус өвийн хосгүй төрөл зүйл, Улаанбаатар, Монгол Улс. Мөнхийн үсэг ХХК, 2016, х-36


4. Д.Тангад, “Монголчуудын уламжлалт, идээ ундаа”, Монголын Угсаатны Зүйн Судалгаа V боть, Улаанбаатар, Монгол Улс. Мөнхийн үсэг ХХК, 2014, х-13, 14

5. Ц.Жаргалсайхан, “Гүүний Айраг исгэх уламжлал”, Соёлын Лавлах Товчоон, Улаанбаатар, Монгол Улс. 2015. х-347


6. А.Саруул, Ж.Насанжаргал “Цагаан идээ боловсруулах мэдлэг, арга ухаан”, Соёлын биет бус өвийн эрсдэлийн атлас, 2017. х-56



7. А.Саруул, Ж.Насанжаргал “Цагаан идээ боловсруулах мэдлэг, арга ухаан”, Соёлын биет бус өвийн лавлах, 2017. х-116-121